Турк улсын Истанбул хотод гарсан халдлагад монгол иргэн өртөөгүй байна

Турк улсын Истанбул хотын Бэшикташ дүүрэгт байрлах Reina нэртэй шөнийн цэнгээний газарт 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 01:15 цаг орчимд галт зэвсэг бүхий гэмт этгээд дайран орж, дотор байсан иргэд рүү гал нээн 69 хүнийг шархдуулж, 39 хүний амийг хөнөөсөн хэрэг гарлаа.

Турк улсын Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр одоогоор нас барсан 21 хүний мэдээллийг тодорхой болгосон бөгөөд эдгээр иргэний 16 нь гадаадын иргэн, тав нь турк улсын иргэн байжээ. Үлдсэн 18 хүний мэдээллийг тодорхой болгохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм байна. Хэрэг гарах үед дээрх цэнгээний газарт ойролцоогоор 700-800 орчим хүн байсан нь тогтоогдоод байна.

Уг халдлагад монгол иргэн өртсөн талаар мэдээлэл байхгүй болохыг Истанбул дахь ЕКГ-аас мэдэгдсэн бөгөөд халдлагад өртсөн иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.

Турк улсад манай улсын нийт 4000 орчим иргэн оршин сууж байгаагаас Истанбул хотод 3500 гаруй иргэн ажиллаж, амьдарч байна. Сүүлийн үед тус хотод ойрхон давтамжтай хэд хэдэн удаагийн халдлага гарсан тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …