“Өдрийн сонин”-ы 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны №299, 300(5564, 5565) дугаараас авч нийтлэв.
2016 оны арванхоёрдугаар сарын 23-нд Гадаад харилцааны яаманд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон Орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойд зориулсан “Монгол Улсын тусгаар тогтнол ба гадаад бодлого” эрдэм шинжилгээний бага хурал болсон юм. Уг хурлын үеэр Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Энэ бага хурлаар 1911 оны үеийн Монголын тусгаар тогтнол ба гадаад бодлого ямар байсан талаар ярьж байна. Тэгвэл өнөөдрийн Монгол Улсын тусгаар тогтнол, гадаад бодлого ямар байна вэ?
-Өнөөдрийн хурал бол өнгөрсөн зууны буюу 105 жилийн өмнөх үйл явдлыг голчлон ярьж байна. Ямар гараанаас эхэлсэн юм бэ гэдгийг ойлгох үүднээс эрдэмтэд юмаа хэлж, сонсох хүмүүс нь ойлголтоо бататгах юм уу, илүү тодруулах тухай асуудал. Өнөөдөртэй холбохоор өнөөгийн дэлхий тэр үеийнхтэй огт адилгүй болсныг дурддаг юм. Тэр үүднээс тусгаар тогтнолыг ярихдаа улс гүрэн гэж биеэ дааж орших, эсэхэд янз бүрээр халдаад байна уу, элдэв янзын аюул занал байна уу гэж яривал тийм юм байхгүй л дээ. Дэлхийн олон улсын харилцааны байдал, хөгжлийн түвшин ямар байна вэ гэхээр улс гүрнүүдийн өнөөгийн байгаа байдал дор бүрнээ баталгаажиж. Тэр нь олон улсын гэрээ хэлэлцээрүүдээр баталгаажсан. Тэгэхээр бид тусгаар тогтнолоо алдчих гээд байгаа юм шиг юм байхгүй. Тусгаар тогтнолыг эмзэг болгодог янз бүрийн хүчин зүйлүүд байна. Үүнийг тусгаар тогтнол гэхээсээ илүү үндэсний аюулгүй байдалтай холбож ярьдаг л даа. Хамгийн эхэлж эдийн засгийн аюулгүй байдлаа ярьж байна.
Өнөөгийн орчлонгийн эдийн засгийн уялдаа харилцаанд өөрийгөө байршуулж, тэрний нэг элемэнт, улсаар нь яривал нэгэн гишүүн нь болж идэвхитэй хөгжих тухай зүйл юм л даа. Бидний өнөөдрийн нэг сонин юм бол 25 жил зах зээлийн эдийн засагт шилжээд дэлхийн тэр эдийн засгийн системийн бага боловч нэгээхэн хэсэг болох зам руу чадан ядан явж байна. Тэрийгээ бид үндэсний эрх ашиг гэдэгтэй заримдаа дэндүү нарийн холбож авч үзэж, зарим талаар бүр тэр аюулгүй байдалдаа эсрэгээр нөлөөлөхөөр бодлого ч гэх нь хаашаа юм үйл ажиллагаа явуулж өөрсдийгөө зарим газар чөдөрлөж байгаа юм шиг, зарим газар өөртөө гох дэгээ тавьж байгаа юм шиг иймэрхүү замаар будилж явна.
Тэр үүднээс бол бид нар үндэсний аюулгүй байдалд өөрсдөө ямар нэгэн хор гэх нь хаашаа юм ямар ч байсан сөрөг нөлөө үзүүлэхээр бодлого, үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш үү гэхээр тийм үр дүнд гэнэ гэнэ хүрээд байна. Ний нуугүй хэлэхэд, бидэнд хөгжихөд гурван нэн чухал юм хэрэгтэй. Хамгийн наад талаас нь яривал мөнгө, хөрөнгө. Тэр бол манайд их мөчиг тачиг байдаг зүйл. Нөгөө талд нь техник технологи гэж нэг юм байгаа юм. Энэ бол нөгөө ашигт малтмалаа ашиглахаас авахуулаад, малын түүхий эдээ боловсруулахад хүртэл хамаатай зүйл. Тэр нь бидэнд байна уу. Өнөөгийн техник технологийн хөгжлийн үүднээс харвал бидэнд байхгүй. Тэр утгаараа гаднаас хараат. Мөнгө байхгүй гэдэг чинь бас л гаднаас хараат гэсэн үг. Энэ бүхнийг хүн гуай бий болгох ёстой. Тэр хүн мэргэжилтэн байх ёстой. Мэргэжилтэн гэдэг чинь мэргэшсэн, дадлагажсан, туршлагажсан хүн байх ёстой. Бичиг цаас, номыг үзсэн хүнийг хэлэхгүй. Тэр талаас нь үзвэл манайд ном үзсэн хүмүүс эрх биш байгаа. Гэхдээ бүх юмаа яралзтал хөгжүүлэх хэмжээнд боловсон хүчин бэлтгэгдээгүй. Тэгэхээр тэр номыг нь бас гаднаас сурдаг. Тэгэхээр бас хараат. Иймэрхүү зовлонг туулж явна аа, монголчууд минь.
-Гаднаас хараат гэдэг нь зуун хувь үнэн болчихоод байна?
-Энэ бүхнийг заримдаа үндэсний аюулгүй байдалтайгаа холбож авч үзэж ярьдаг болчихоод байгаа юм. Бараг л малын өвчин гарахаар л үндэсний аюулгүй байдал ухааны юм яриад байдаг. Тэгж холбох ёстой ч байж болно, үгүй ч байж болно. Гэхдээ үндэсний аюулгүй байдал гэдэг зүйлийг амны уншлага болгож болохгүй юм. Тэрний цаана тусгаар тогтнол бий. Тэгэхээр бид өнөөдөр ерөөсөө улс биш болчих гээд байгаа юм шиг тийм байдал байж болохгүй. Энэ мэт нь биднийг гадныхантай маш нарийн хамтарч ажиллахыг шаардаж байгаа юм л даа.
-Та яриандаа гох дэгээ гэж ярилаа. Үүнийг хоёр хөрштэйгээ холбож ойлгож болох уу. Монголчуудын хувьд эрт дээр үеэс өөрийн гэсэн уран нарийн аргатай дипломат ёстой байсан. Харин түүнийгээ эдүгээ үед орхигдуулаад байгаа нь хоёр хөрштэйгээ харилцах харилцаан дээр илрээд байна уу даа гэж анзаарагдах юм?
-Гох дэгээ гэж ярьсан нь зөвхөн энэ хоёртой холбож хэлж байгаа юм биш. Ерөөсөө гадагшаа харьцахдаа. Жишээ нь, хөрөнгө оруулагчдыг дуудаад байдаг. Ороод ирэх маягтай болохоор нь “Чи манай юмыг ашиглах гэж байж өөрийнх юм шиг загнах гээд байна” гэдэг. Хамтран ажиллах гэж байгаа бол харилцан ашигтай байх ёстой. Харилцан ашигтай гэдгийг эхлээд маньд ашигтай гэж уншаад байх шиг. Их мундаг ухаанаар харвал эхлээд өөрийн ашгийг харах нь зөв л дөө. Гэхдээ нөгөөхөөс чинь хэрэг дээрээ бид чинь юм гуйж байгаа байхгүй юу. Гуйдаг хүн чинь бөхийдөг байхгүй юу. Түүнээс гэдийж гуйдаг хүн явдаггүйг нэлээд хэдэн юм харууллаа л даа. Тийм ээ. Энийг би гох дэгээ гээд байгаа юм. Өөртөө тавьж байгаа чөдөр. Хоёр хөрштэй харилцах тухай их нарийн.
Хамгийн гол нь бидний сүүлийн 25 жилд хэрэгжүүлж байгаа бодлогыг Олон тулгуурт бодлого гэж нэрлэсэн юм. Хоёр тулгууртай аливаа юмны тогтвор нь ямар байх вэ. Тулга гэдэг чинь гурав, дөрвөн тулгууртай. Тэгэхээр бид гурав дахь хөршийн бодлого гэдгийг хоёр хөрштэйгээ харилцах бодлогын хүрээнд зэрэгцүүлж тавьж тэнцвэржсэн бодлого байх ёстой гэдэг номыг хэрэгжүүлж байгаа ухааны юм л даа. Хэрэгжүүлж байгаа бид чинь алдах, онохыг үзүүлж өгч байна. Тусгаар тогтнолын 105 жилийн ой тохиож байгаа сайхан өдөр ирж байхад тэр тухай яриад яахав. Ерөнхийдөө гэдэг сайхан үг байдаг, тийм ээ. Энэ бодлого хэрэгжиж яваа ухаантай.
Хамгийн чухал хэрнээ бас ч гэж арай амар нь улс төрийн харилцаа байдаг юм. Бодлогын хүрээнд дайсагналцахгүй байна гэсэн үг байхгүй юу. Хоёр хөрштэйгээ ч сайн хөршийн харилцаатай хэмээгээд л ном, бичиг цаас харвал стратегийн түншлэл, тунхаг гээд улс төрийн харилцаатай байдаг. Гурав дахь хөрш гэж өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудыг хамгийн товчоор тодорхойлж ирсэн юм. Бөмбөрцөгийн цаанаас яривал Америк, энэ талаас нь яривал Япон, Солонгос ч юм уу. Тэгээд Европын холбооны улсууд. Тэд нартай бол улс төр гэдэг үүднээсээ ойлголцоод Монгол бол дэлхийн ийм улс гээд жинг маань тодорхойлчихсон. Биеийн тамираар яривал бид чинь бага жингийн тамирчид. Бид тэрийгээ ч хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ дэлхийн хоёр том гүрний дунд байдаг, бас ч гэж том талбайтай ийм нэгэн улс ч гэлээ геополитикийн талаас нь биднийг бас нэгэн тоглогч гэж авч үзээд улс төрийн үүднээс ойлгож сайн харилцаатай болцгоосон. Энийг материаллаг хамтын ажиллагаагаар улам бататгах ёстой байхгүй юу.
-Эдийн засаг, худалдаагаар бататгах ёстой ч нэг л улстай энэ харилцаагаа илүү хөгжүүлээд байна уу даа?
-Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтаар. Тэр талаас нь харахаар өнөө үлгэрлэж ярьсан тулганы нэг тулгуур нь айхавтар өндөрдөөд нөгөө хоёр руугаа хазайчихаар хэлбийсэн ийм зураг харагдаад байгаа юм. Тоо яривал Хятадтай хөрөнгө оруулалт, худалдаагаар харьцаж байгаа байдлыг анзаарвал 70, 80 хувь болчихоод байгаа шүү дээ. Оросын тухайд бензин авдгийг эс тооцвол хэрэг дээрээ тун өчүүхэн харилцаж байна. Нөгөө гурав дахь хөрш гээд харайлгаад л гуйгаад байгаа юм маань санасан хэмжээнд огт хүрэхгүй байна. Тэд биднээс гурван юм л хүсдэг. Бид танайд очоод хөрөнгө оруулахад улс төрийн хувьд тогтвортой байх, хөрөнгө мөнгийг хамгаалдаг эрхзүй, хууль ном чинь тогтвортой бөгөөд сайн байх ёстой гэдэг. Тэгээд “Та нар ярьсан, тохирсноо хэрэгжүүлдэг байх ёстой” гэдэг. Засаг солигдсон гээд одоо үргэлжлүүлэхгүй гэдэг ийм ёс хорвоо дээр ханилах ханилгааг их найдваргүй болгож байна шүү. Тэгэхээр бид энэ гурван тулгуур дээрээ доголдоод байна. Ийм зовлон байна. Олон улсын улс төрийн үүднээс ярихаар олон улсын хэмжээнд манай улс төрийн байр суурь бат тогтвортой байгаа хэрнээ харилцагч түншийн хувьд гойдгүй болчихоод байна.
-Монгол Улсын нэр хүнд сүүлийн жилүүдэд унаад байна уу, олон улсын тавцанд?
-Монгол Улсын нэр хүнд мундаг гэж социализмын үед ярьж ирсэн. Өнөөдөр бидний нэр хүндийн хувьд 1990-ээд оноос тэр гурав дахь хөрш маань итгэл үзүүлж харж үзсэн. Хөрөнгө мөнгөөр тэтгэж, зүгээр мөнгө, хөнгөлөлттэй зээл бүр идээ будаа өгч биднийг Олон улсын хамтын нийгэмлэгийн мөрөөрөө гишүүн болоосой л гэж дэмжиж харсан ш дээ. Улс төрийн утгаараа бол бид тийм болсон. Тэгээд л тэд “Танайд жаал зугаа юм байх шиг байна. Тэрийг хамтарч ашиглаж хөгжил дэвшилд чинь нэмэр болъё. Аж амьдралаа дээшлүүлэхэд чинь нэмэр болъё” гэнгүүт нь манайхан элдэв зан гаргадаг. Нэг тийм сонин сэтгэлзүйгээр хандсан. Ардчилал гээчийг бид үмхчихээд залгиж чадахгүй байгаа байхгүй юу. Залгиж ходоод руугаа хийж боловсруулаад “Энэ чинь ёстой сайхан идээ байна” гэхсэн. Гэтэл үхмчихсэн. Тэгээд заримдаа хахаад байдаг. Заримдаа гулгих маягтай гаргаж байна. Гэхдээ үүнийг буруутгах хэцүү. Өсөхийн зовлон гэж нэг юм бий. Өсөхийн зовлон гэдэг чинь улс гүрэн болгон дээр янз бүрээр илэрдэг байх. Монгол хүний нэг араншин байна. Тэр нь өсөхийн зовлон гээчийг хөгийн болгож байна л даа.
Үнэндээ социализмаас хэрэг дээрээ хувиа борлуулах, довоо шарлуулах сэтгэлзүй бүхий нийгэм рүү шилжихээр чинь бид чинь эрх биш амьтан болохоор эхлээд тэр нь гялс гараад ирэх юм. Өөрөө яаж ийгээд л амиа тээх. Амиа тээх гэж байсан нь цаашлаад нэг хэсгийн маань баяжихын ухаан болчихож байгаа юм. Бурхан багшийн сургаалд “Бүтсэн хүсэл шинэ хүслийг төрүүлдэг” гэж байдаг. Тэр утгаараа хүсэл бол аливаа муу хорын эх юм. Хүсэл бүтчихлээ гээд зогсч чаддаггүй. Хэрэг дээрээ хүсэл нь шунал болж хувирдаг. Шуналыг муу хорын үндэс гэж байгаа юм л даа. Тэр нь монголчуудад ээ дээ тод харагдаж байна даа.
-Монгол Улс бол Ардчиллыг тайван замаар, цус урсгалгүй олж авсан. Ардчиллыг үлгэр жишээ хөгжүүлж байгаа орон гээд л биднийг нэг хэсэг их ч мандууллаа. Хөөстэй эдийн засаг гэдэг шиг гадныхан бидэнд цаасан малгай өмсгөчихсөн байсан юм биш үү гэдэг нь сүүлийн үед манайтай холбоотой олон улсад өрнөж байгаа үйл явдлууд харуулаад байна?
-Цаасан малгайг хүн өмсгөөгүй юм. Бид өөрсдөдөө сургаар өмсгөчихөөд байгаа байхгүй юу. Хүн зүгээр нэг үг хэлэхээр “За энэ шижир байна” гэж ойлгодог. Тэр нь монет ч биш байдаг. Олон улсын харилцаанд ийм нэг ёс байдаг юм л даа. “Өө та нар сайн байна, сайхан байна” гэж хэлдэг. Тэрийг нь “За тэр, бяд ч тэгнэ ээ. Бяд чинь лут байгаа” гэж хүлээж авдаг. Үнэн үг хэлж байгаа юм л даа. Гэхдээ тэр нь бидний хувьд онгирох омойтох зүйл байх ёсгүй. Нөгөөтэйгүүр гадаад харилцаа гэдэг юм чинь их нарийн. Яриа хөөрөөнөөсөө авахуулаад хариуцлагатай юм. Бид чинь гадагшаа очоод “Манайд зөндөө юм байгаа. Танайд зөндөө мөнгө, технологи байна. Энийг нийлүүлэхээр танайд ч ашигтай, манайд ч ашигтай” гэж хэлдэг. Хүрч ирсэн хойно нь тендер гэдэг юм зарлачихаар нөгөө гол түнш нь тээр тэнд хоцорчихдог. Тэгэхээр бодлого, гадны ёс ном энэ тэрийн шүтэлцээг тохируулах ёстой. Тендер зарладаг олон улсын жишиг, ном байж болно. Тэрийг ерөнхийд нь баримтлах хэрэгтэй. Бид бодлогынхоо хүрээнд тендерт ялагдсан байлаа ч Японы компанид тендерээ өгдөг байх хэрэгтэй. Ийм бодлого барьж чаддаг байх ёстой байхгүй юу. Тэгэхгүй бол өнөө тэнцвэртэй харьцах бодлого явж өгөхгүй байгаа юм. Хятадаас хөрөнгө оруулахад хамгийн хямдхан орж ирнэ. Ойрхон, зам харгуй тээвэр гээд зардал нь бага тусна. Японоос ирэх нь огт өөр шүү дээ. Тэгэхээр мэдээж шүү дээ, Хятад л ялаад байна. Тийм биз дээ.
-Энэ чинь л нэг улсаас хараат болох нэг шалтгаан юм шүү дээ?
-Нэг улсаас хараат байх ёсгүй. Бусадтай нь тэнцвэртэй харьцах хэрэгтэй. Бид гурав дахь хөршийнхөө бодит сонирхол гээчийг бий болгох ёстой. Улс төрөөр сайн байхын зэрэгцээ материаллаг болоод бусад сонирхлын юмыг буй болгоно.
-Далай ламын айлчлалтай холбоотойгоор манай Засгийн газар Хятадын талаас уучлал гуйж “Далай ламыг Монгол дахиж урихгүй” гэж ам мөчгөө өгчихлөө. Үүний хариуд Хятад улс “Болсон үйл явдал Монголд сануулга боллоо. Бусад улс ч үүнээс үлгэр жишээ ав” гэсэн утгатай тайлбар хийв. Үүнээс харахад бид чинь уг нь тусгаар тогтносон улс. Хэнийг хэзээ яаж урьж залахаа өөрсдөө шийдэх эрхтэй орон биз дээ. Эсвэл бид урд хөршөөсөө хамааралтай болчихсон юм уу?
-Үүнийг тэгж хараат, хамаарал гэж ярихын хэрэггүй. Хорвоогийн явдал, хоёр улсын хооронд зөрчил гардаг. Нэг нь тэр зөрчилтэй холбоотойгоор гомдол, саналаа тавьдаг. Нөгөөдөх нь учир жанцангаа тайлбарладаг, ийм л юм. Үүнийг тэгж ойлгох хэрэгтэй. Асуудлын том багаас болно л доо. Далай лам бол Хятадын хувьд нэгээхэн их эмзэг асуудал нь байгаа юм. Тийм учраас тэр нөхрийг үүгээр түүгээр явахаар нь их эмзэглэдэг.
Их гүрнүүд, Обама, Меркель чинь Далай ламыг урьдаг нь Хятадыг чимхэж, байранд нь байлгахын хүрээнд хийж байгаа томчуулын тоглоом. Шашны том зүтгэлтэн ч гэлээ энэ хүн бол дүрвэгч. Дүрвэгч гэдгийг хүндэтгэж байх ёстой байхгүй юу, хүмүүнлэгийн үүднээс. Тэр нь улс төрийн утгатай байна уу, шашны утгатай байна уу жич асуудал. Далай лам дүрвэгчийн Засгийн газрын тэргүүн байж байгаад больчихсон юм. Тэгэхээр түүнийг улс төрөөс ангид гэж хэлж болохгүй, эсвэл болох ч юм шиг. Гэхдээ Далай ламын нэр нөлөө бол нэр нөлөө л байхгүй юу. Засгийн газрын тэргүүн гэнэ үү, юу гэнэ үү. Огт өөр хэрэг. Хятад улс эмзэглээд байгаа шалтгаан нь, Хятадыг хагалган бутаргах бодлого ярьж явдаг нөхөр, улс төрийн оргодол ч гэж үздэгтэй холбоотой. Үндсэндээ Хятад тэгж ч үзэхээс яахав.
-Одоо тэгэхээр Монгол Улс яах ёстой вэ. Яаж хүчирхэг оршин тогтнох вэ?
-Монгол Улс уу? Мөрөөрөө эрх ашгаа хамгаалж байх ёстой. Мөрөөрөө байх гэдэг нь унтаад байна гэсэн үг биш. Ухаалаг бодлого л явуулна гэсэн үг. Муурын сахлаар тоглодог хулганын үлгэрийг мэдэх үү. Бидэнд тийм тоглоом хэрэггүй. Хамгийн гол нь, бидэн шиг жижиг улсын баримтлах гол зарчим бол хэрэгтэй хэрэггүй юмаар аливаа гүрний чухал ашиг сонирхлыг хөндөхгүй байх явдал. Ердөө тэр. Тэр нь дандаа тэдний үгээр, аргаар байна гэсэн үг огтоос биш.
Нөгөө талд нь бид биеэ даасан бодлогоо явуулж, үндэснийхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Улс хоорондын харилцаанд зөрчилтэй асуудал гарах явдал байдаг.
Түүнийг үг хэлээ эв зүйгээр олж зохицуулж байх ёстой. Аливаа зөрчлийн хор холбогдлыг тухайн улс өөрийнхөөрөө үнэлж дүгнэдэг боловч тэр дүгнэлт, ойлголтынхоо дагуу нөгөө талынхаа байр суурийг ойлгохыг хүсэхгүй дарамт үзүүлэх нь ялангуяа их, бага гүрний харилцаанд зохистой арга биш. Харамсалтай нь тиймэрхүү явдал гардаг.
Сая Монголын шашны байгууллагын шугамаар ирсэн Далай ламын айлчлалаас үүдэж тиймэрхүү асуудал гарах шиг байна. Далай лам Монголд айлчлах нь манай сүсэгтнүүдийн хувьд их чухал ач холбогдолтой. Харин энэ бол БНХАУ-ын дотоод улс төрийн байдалд нөлөөлөх хэмжээний явдал биш гэж би хувьдаа бодож байгаа. Үүнийг манай хятад нөхөд ойлгодог байлтай. Тийм учраас тэдний зүгээс саяны айлчлалын тухайд гаргасан хандлагыг нэгэн зүйлийн “дарамт үзүүлэх” оролдлого гэлтэй. Далай лам дэлхийн том гүрнүүдээр явж, үнэхээр улс төрийн өнгө аястай уулзалт хийдгийг бид бишгүйдээ мэднэ шүү дээ.
Түүний үр дагварыг нь ч бид гадарлана. Тэгэхээр Далай ламын саяны айлчлалтай холбогдуулан хятадын талын илэрхийлсэн байр суурь, авсан “арга хэмжээ” хойшид иймэрхүү байдлаар давтагдахгүй байх гэж би найдаж байна. Хүчтэний дэргэд хүчгүй нь заавал буруутай байх ёсгүй шүү дээ.
Д.Гансаруул
dnn.mn