
Жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Давос хотод Дэлхийн эдийн засгийн чуулган болдог. Тус уулзалтаас дэлхийн улс орнуудыг өрсөлдөх чадвараар нь үзүүлэлт тус бүрээр шалгаруулж, байр эзлүүлдэг. Энэ чуулга уулзалтанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, “Азийн супер сүлжээ” бүс нутгийн хамарсан хэлэлцүүлэгт оролцож, үг хэлсэн. Харин Монгол улс дэлхийн 138 орноос 102 дугаар байрт жагсахад эрхэм ерөнхийлөгч юу бодож суусан бол. Ажлын байран дахь сургалт дадлага, сүүлийн үеийн технологийн нэвтрэлт, төрийн байгууллагын чадавхи, боловсролын чанар гээд улс орны хөгжлийн түлхүүр, суурь үзүүлэлтүүдээс манай улс дэлхийн орнуудын сүүл цохиж харагдсан. Харин хөдөлмөр эрхлэлтийн тухайд эмэгтэйчүүдийн оролцоогоор 57 дугаар байранд орсон нь манай улсын хувьд хамгийн сайн үзүүлэлт болсон.
Аргагүй шүү дээ. Өнөөгийн Монголын нийгмийн ажиллах хүчийг эмэгтэйчүүд, ээжүүд, өрх толгойлсон бүсгүйчүүд авч явж байна. Томоохон худалдаа үйлдвэрийн газар, захуудад ажиллагсадын дийлэнхи хувь нь эмэгтэйчүүд. Өрх толгойлж, амьдралын ачаа үүрсэн ээжүүд ямар ч ажлыг голохгүй хийж, орлогоо бүрдүүлдэг жишээ ч олон. Эрхэм ерөнхийлөгчийг дэлхийн хэмжээний уулзалтанд энэ үзүүлэлт л дээш нь татлаа. Эндээс харин бид боловсролын чанар, хөдөлмөрийн зах зээлдээ анхаарч, дэлхий нийтээс хоцрохгүй байх сануулгыг авах ёстой. Ажлын байранд үйлдвэрлэл дадлага, онол практик хослуулж, дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарлаа хандуулж, үүнийгээ үр дүн болгож ажиллах нь чухал байна. Энэ тухай эрхэм Ерөнхийлөгч нэгийг бодсон биз ээ. Учир нь тэрээр дэлхийн хэмжээний уулзалтанд хүссэн улс орон бүр оролцоод байдаггүй. Хашаанаас нь буцах тохиолдол ч бий. Бидэнд тоож урилга ирүүлсэн нь маш том боломж. Боломжийг харин ашиглах ёстой. Дахиад оролцох хэмжээнд хүрэхийн тулд маш их хөдөлмөр, цаг хугацаа орно. Монголоос ирсэн төлөөлөгчид энэ чуулганд хувь нэмэртэй оролцож, үгээ хэлдэг, санал дэвшүүлдэг, цаашдын хамтын ажиллагааны чигээ тогтоож чаддаг, түүнийгээ Монголдоо ирээд үргэлжлүүлдэг байх нь чухал. Өнгөрсөн найман жилд Монгол улс Давосын чуулга уулзалтанд хүлэн зөвшөөрөгдсөн түнш болж чадлаа. Энэ бол бидний ололт гэдгийг онцолсон.
2015 онд 140 орны 112 дугаар Монгол улс жагссан. Энэ жилийн үзүүлэлтээс харахад улс маань ахиж гавьсангүй, ухарч ч хойшилсонгүй. Ямартай ч суурь үзүүлэлтээсээ анхаарч, тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэйг сануулаад байх шиг. Ирэх жилүүдэд манай улс өрсөлдөх чадвараараа дэлхийтэй хөл нийлүүлэх болтугай.
Э.Ариун

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл