Д.Трамп анхныхаа зарлигт гарын үсэг зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Obamacare хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс болсон “Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал”-ын тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудад тавигдаж буй шаардлагуудыг зөөлрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа.

Шинэ Ерөнхийлөгч Цагаан ордонд албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн даруйдаа анхныхаа зарлигт гарын үсэг зурах агшныг Цагаан ордны Зууван танхимд цугларсан зураглаачид, сэтгүүлчид сурвалжилжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерийн мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч Трампын зарлиг нь Obamacare хөтөлбөрөөс учрах дарамтыг зөөлрүүлж, цаашдаа өмнөх Ерөнхийлөгч Б.Обамагийн санаачилсан уг шинэчлэлийн хөтөлбөрийг цуцлах зорилготой аж.

Б.Обамагийн дэвшүүлсэн уг санаачилга нь улсаас татаас олгох замаар даатгалын төлбөрийг бууруулахад чиглэсэн байна. Obamacare-ийг цуцлах явдал нь Трампын сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өгсөн гол амлалтуудын нэг юм. Обамагийн эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр нь зарим муж улсад даатгалын компаниуд дангаар ноёрхох байдлыг бий болгох учраас уг хөтөлбөрийг зогсоох нь зүйтэй, ингэснээр эрүүл мэндийн зах зээлийг илүү нээлттэй, ил тод, чөлөөтэй болгоно гэж Д.Трамп болон түүний намынхан үзэж байгаа ажээ.

Энэ асуудалтай холбогдуулан АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пэнс хэлэхдээ “эрүүл мэндийн даатгалыг хүн бүрт хүртээмжтэй болгож, даатгалын зардлыг бууруулахад чиглэсэн хуулийг батална гэдгээ Ерөнхийлөгч Д.Трамп ямар нэгэн хоёрдмол санаагүйгээр илэрхийлсэн” гэлээ.

Б.Адъяахүү

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …