Д.Трамп: Сэтгүүлчид бол энэ дэлхийн хамгийн новшийн хүмүүс

АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп долоо хоногийн сүүлчээр Виржиниа мужийн Лангли дахь Тагнуулын төв газрын байранд зочлохдоо тангараг өргөх ёслол дээр ирсэн хүмүүсийн талаар хэвлэл мэдээллийнхэн худлаа ярьсан хэмээн мэдэгдэв.

“Миний тангараг өргөх ёслол дээр бараг л 1.5 сая хүн ирсэн юм шиг санагдаж байсан. Гэтэл хэвлэл, телевизээр бараг л хүн ирээгүй мэт хоосон, ханхай юм гаргаж байна. Сэтгүүлчид бол энэ ертөнцийн хамгийн увайгүй, новшийн хүмүүсийн дунд багтана” хэмээн онцолжээ. Үүний дараахан Цагаан ордны “будаг нь ханхалсан” хэвлэлийн албаны дарга Шон Спайсер олон нийтэд зориулсан анхны мэдэгдлээрээ мөн л сэтгүүлч, сурвалжлагчийн ажлыг муулж, зааварласан юм. “Тангараг өргөх ёслол дээр ирж бие, сэтгэлээрээ үзүүлсэн иргэдийн асар их дэмжлэгийг зарим хэвлэл, телевиз санаатайгаар жижигрүүлэн доромжил­сон нь ичгүүр­тэй, буруу санаархал” хэмээн Спайсер мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг ийм олон хүн сонирхож байгаагүй. Биечлэн ирсэн, телевизээр үзсэн хүмүүсийн тоогоороо ч рекорд тогтоосон хэмээн Цагаан ордны төлөөлөгч ярьжээ. Гэсэн хэдий ч хэнд ч энэ талаарх албан ёсны тоо баримт байхгүй, учир нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа ийм тоо гаргадаггүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж.

“Америкийн ард түмэн илүү сайн зүйл хүртэх ёстой” хэмээн зарим хэвлэлээр бич­сэнийг Дональд Трампын Засгийн газар эмзэгхэн хүлээж авсан бололтой. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Спайсер жаа­хан уурсан­гүй мэдэгдэл хийхдээ асуулт асуухыг зөвшөөрсөнгүй. Д.Трамп тангараг өргөж, эрх мэдлийг авах үеэр худлаа мэдээлэл тараасан хэв­лэл мэдээллийн бай­гуул­лагатай “тооцоо бодно” хэмээн сануулжээ. Эрх мэдэл тайван шилжиж байхад худлаа мэдээлэл тарааж болохгүй, Цагаан ордноос итгэмжилсэн сэтгүүлч хүртэл Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны талаар худал мэдээлэл тарааж алдаа гаргасан хэмээн нэмж хэлэв.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …