“Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмет” нэгтгэлийн 49 хувийг хууль бус аргаар өөрсдийн болгосон нөхдүүд сүүлийн үед УИХ-ын гишүүн, дэд дарга Ц.Нямдорж руу дайрах дайралтаа эрчимжүүллээ. Тиймээс олон нийтийн дунд Худалдаа хөгжлийн банк болон түүнийг тойрсон ашиг сонирхлын бүлэг хэмээх “15 толгойтой атгаалжин хар мангас”-ын эсрэг ганц биеэр тулалдаж буй Ц.Нямдоржийг дэмжсэн, өмөөрсөн хүмүүс нэгдэхээр болжээ. Тэд ард түмний дуу хоолой болж, бүлэг, холбоод байгуулан Ц.Нямдоржийг дэмжихэр болсон сурагтай.
Тэд төрийн өмчийг, ард түмний өмчийг төрөөс хулгайлсных нь төлөө үг дуугарсны төлөө Ц.Нямдорж руу зохион байгуулалттайгаар дайрч буй “Эрдэнэт”-ийн 49 хувийн эздүүдийн цаана хэн хэн байгааг ч дэлгэн тавина гэв. Олон нийтийн дунд одоогийн байдлаар “Эрдэнэт”-ийн 49 хувийн эздүүдийн цаана Ардчилсан нам, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын нөлөө бүхий цөөн хүн бий гэсэн хардлага байдаг. Энэ нь ч үнэн болж таарч байгаа бололтой.
“Эрдэнэт”-ийн 49 хувийн “эзэд” саяхан УИХ дахь АН-ын бүлгээр дамжуулан Ц.Нямдоржийг “Эрдэнэт”-д үйлдвэрт шахаа хийснийг дэлгэсэн. Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийн хууль бус худалдааны талаар анх ам нээж, одоо ч гэсэн байр суурин дээрээ бат зогссоныхоо төлөө ийнхүү баалуулав бололтой. Үнэн хэрэгтээ “Эрдэнэт”-д үе үеийн бүх л улс төрчид бүгд ямар нэг хэмжээгээр шахаа хийдэг нь нууц биш.
“Эрдэнэт” үйлдвэрт жирийн нэгэн иргэн Дорж, Дулмаа очоод шахаа хийдэггүй, улстөрчид л шахаа хийдэг. Тэгвэл хөлбөмбөгийн талбай шиг хэмжээтэй шахааны хажууд ганц ширхэг бөмбөгний төдий шахаа хийсэн Ц.Нямдоржийг яагаад онцлов. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан хувийн ноёдууд тус үйлдвэрт шахаа хийсэн сүүлийн 15 жилийн баримтыг бүгдийг нь Ц.Нямдоржийн баримтыг ухаж гаргасан шигээ олон нийтэд зарлаач.
Ингэвэл шударга ёсонд нийцэхийн зэрэгцээ тэдгээр компаниудын цаана хэн хэн гэдэг улстөрчид байгааг бид бүхэн мэдэх боломж бүрдэнэ.
Харин энэ дундаас ганцхан Ц.Нямдоржийг онцолж байгаа нь ямар учиртай вэ?
Мэдээжийн хэрэг өөгүй, цэвэр хүн улс төрд ховор. Ц.Нямдорж гишүүн бусдын л адил хүүгийнхээ компанид ажил олч өгөөч хэмээн хэлж, компани нь ч хариуцсан ажлаа хийсэн гэдгийг тэр өөрөө шударгаар хүлээн зөвшөөрлөө.
Бусад улс төрчид түүн шиг бусад улстөрчид “Эрдэнэт”-д шахаа хийснээ үнэн шударгаар хүлээж чадах болов уу.
Хамгийн эмгэнэлтэй нь, Төрийн өмчийг төрөөр өөрөөр нь баталгаа хийлгүүлж байгаад төрөөс хулгайлсан хүмүүстэй ганц биеэр тэмцэж буй Ц.Нямдорж мэтийн хүмүүсээ бид бүхэн хамгаалж чадахгүй байна. Төрийн өмч бол ард түмний өмч гэсэн үг. Төр ард түмнийхээ нэрийн өмнөөс өмнөх Засгийн газрын үед хулгайлагдсан өөрийн өмчөө буцаан авахад яагаад болохгүй гэж. Нөгөөт талаас “Эрдэнэт-ийн 49 хувь хувьд шилжээд улсад төлдөг татвар нь улам багасав. Жилдээ 300 тэрбум төгрөгийн татвар төлдөг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь Оросуудаас Монголчуудад /Худалдаа хөгжлийнхөнд/ очоод жилдээ 100 тэрбум төгрөгийн татвар төлөх юм гэж үү.
Ийм байтал Ц.Нямдорж “Эрдэнэт”-д шахаа хийж чадахгүй болсондоо “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголынх болсныг эсэргүүцэж байна гэх мэтээр ярих нь байж болох асуудал гэж үү.
Төгс