ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Си Жинпинь нар энэ хавар Монгол Улсад ирж Гурван талт уулзалтад оролцоно.
Уулзалтад манай хоёр хөрш орны төрийн тэргүүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно. Дөрөв дэх удаагийн энэхүү Гурван талт дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хотод тавдугаар сард болно гэж талууд мэдээлж байна.
Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгээр ахлуулсан баг уг уулзалтад бэлтгэж байгаа ч уулзалтын өдөр хараахан тодорхой болоогүй байгаа юм байна.
Сонирхуулахад, өмнөх гурван дээд хэмжээний уулзалт Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын уулзалтын үеэр болж байсан бөгөөд хамгийн анхных нь 2014 онд Тажикистаны нийслэл Душанбе хотод, хоёр дахь нь 2015 онд ОХУ-ын Уфа хотод, гурав дахь нь 2016 онд Узбекистаны нийслэл Ташкент хотод тус тус болж байжээ. Тэгвэл ШХАБ-ын дараагийн уулзалтыг Казахстаны нийслэл Астана хотод хийхээр төлөвлөжээ.
Ямартай ч, ирэх тавдугаар сард Улаанбаатар хотод болох гурван орны төрийн тэргүүн нарын уулзалт Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчийн хувиарх сүүлчийн уулзалт бөгөөд тиймдээ ч энэхүү уулзалтад ихээхэн анхаарал хандуулж байгаа нь дамжиггүй юм.
Төгс