-Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөлд Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон ахмадуудыг хамруулах шаардлагатай гэж үзлээ-
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар /2017.01.25/ Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коплер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар болон бусад асуудлуудыг авч хэлэлцлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коплер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцах хүсэлт удаа дараа тавьж байсан юм. Гэвч тодорхой тоо баримт, мэдээлэл өгөлгүй байсаар өчигдөр /2017.01.24/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд ажлын хэсгийн дүгнэлтийг оруулж ирсэн учир АН-ын бүлэг уг асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авсан болно. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд цаашид судлах шаардлагатай гэж үзлээ.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Энэхүү хуульд өөрчлөлт оруулж байгаагийн гол шалтгаан нь улс төрийн албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаал давхар хаших боломж олгох асуудал юм. УИХ, НИТХ, ДИТХ, сум, хорооны ИНХ зэрэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь Үндсэн хуулийн зарчмаар байгуулагддаг. Тиймээс төрийн захиргааны ажил давхар эрхлүүлэх боломжийг хуулиар олгох нь Үндсэн хуультай зөрчилдөхөөс гадна, иргэдийн Үндсэн хуулиар олгосон сонгох эрхэнд халдсан болчимгүй үйлдэл гэж үзээд УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд завсарлага авахаар болов.
Түүнчлэн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон ахмадуудыг уг хуульд хамруулах шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзлээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлт, Хүний эрх, Эрх чөлөөг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж, анх удаа олон намын тогтолцоог бүрдүүлж, орчин цагийн парламентыг үүсгэн байгуулж, анхны Ардчилсан Үндсэн хуулиа батлах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн Ардчилсан хувьсгалын анхдагчдын гавьяа зүтгэлийг Монголын төр үнэлэх цаг нь болжээ. 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал нь цар хүрээ, ач холбогдлоороо 1911 оны Эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгалаас дутахааргүй ач холбогдолтой байсан билээ. Гэвч энэхүү түүхэн хувьсгалд гар бие оролцсон ахмадуудаа Монголын төр 26 жил хайхралгүй явж ирлээ. Тиймээс шинэ цагийн Монгол Улсыг цогцлоож хэнээс ч хараат бус хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн энэ нийгмийг бий болгоход амь нас, эрүүл мэнд, ажил амьдралаараа хохирсон, одоо ч хохирсоор байгаа мянга мянган ахмадуудынхаа гавъяа зүтгэлийг бодитоор үнэлэх ажлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг эхлүүлж байна” гэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын дараа Бүлгийн дарга С.Эрдэнэ болон Ажлын албаны дарга Д.Золжаргал нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.