Ахмадуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд тусгасан.
Энэ дагуу:
– 65-69 настай ахмад настан 50 мянга
– 70-79 настай ахмад настан 80 мянга
– 80-89 настай ахмад настан 150 мянга
– 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.
Хаана хэрхэн хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ
Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь Насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргана. Ингэхдээ иргэний үнэмлэх, эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очих шаардлагатай бөгөөд халамжийн ажилтан бичиг, баримтыг өргөдөлд хавсарган анхан шатны баримт бүрдүүлнэ.
Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн дансыг үнэ төлбөргүй нээнэ. Мөн хишиг олгохдоо гүйлгээний шимтгэл болон бусад төрлийн хураамж авахгүй байхаар журамд тусгалаа. Ахмад настан хүсэлт гаргавал шинээр данс нээлгүй тухайн банкин дахь өөрийнх нь данстай холбож болохоор зохицуулсан байна. Арилжааны банк Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.