Өмнөд Солонгосын үндэсний баяр болох Цагаан сарын баяр нь энэ сарын 27-30-ны өдрүүдэд тохиож байна. Баярын энэ өдрүүдэд тус улсад хөдөө орон нутгийг зорих автомашины хөдөлгөөн эрс нэмэгддэг байна.
Тиймээс тус улсын Автозамын хөдөлгөөнийг зохицууулах газраас өнгөрөгч 27-ны өдрөөс эхлэн хурдны зам дээрх автомашины хөдөлгөөнийг алсын удирдлагатай нисгэгчгүй төхөөрөмжөөр хянаж эхэлжээ.
Автомашины хөдөлгөөн нэмэгдэхэд жолооч нар хурдны зам дээр хурд хэтрүүлэх, цагдаагийн болон эмнэлгийн автомашинд зориулсан замаар явах, зогсохыг хориглосон замын хэсэгт зогсох зэрэг зөрчил гаргах нь ихэсдэг байна.
Үүнтэй холбогдуулан алсын удирдлагатай нисгэгчгүй төхөөрөмж буюу “дроне”-оор замын хөдлөгөөнийг хянаж, зөрчил гаргаж байгаа тээврийн хэрэгслийн дугаарыг тэмдэглэн авч зохих торгууль ноогдуулах болон осол аваар гарсан тохиолдолд автозамын цагдаа нар хэргийн газар цаг алдалгүй очих гэх мэт үүргүүдийг гүйцэтгэхээр болжээ.