УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан улсдаа 100 сая төгрөг хандивлахаар боллоо

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан эдийн засгийн хүндрэлтэй энэ үед улсдаа хувиасаа 100 сая төгрөг хандивлахаар болсноо мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ ийм шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм.

Мөн цааш нь, “Парламентад орж ирэхээсээ өмнө миний бие хувийн бизнес эрхэлж байсан. Удирдаж байсан компаниасаа тодорхой хэмжээний ашиг авдаг. Ашгаасаа 100 сая төгрөгийн хандив өргөж байна. Мөн миний удирдаж байсан компанийн захирал энэхүү уриалгад нэгдэхээ илэрхийлсэн. ТУЗ-ийн хурлаараа асуудлыг оруулж, хэлэлцээд шийдвэрлэнэ гэсэн. Эдийн засаг хямралтай байгаа ч ажил алба эрхэлдэг төрийн албан хаагчид, бизнес нь тодорхой хэмжээнд сайн явж байгаа хувийн хэвшлийнхэн бүгд энэ санаачилгад нэгдэхийг уриалж байна” гэсэн юм.

Тэгвэл түүнтэй хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй ахмадууд улсаа хямралаас гаргахад зориулж хандив өргөх санаачилга гаргасныг өнөөдрийн сониноос уншиж мэдлээ. УИХ-ын хэсэг гишүүд хоорондоо ярилцаад, энэхүү уриалгад нэгдэхээр шийдвэрлэсэн. Их, бага нь хамаагүй өөрсдийн боломжийн хэмжээнд хандив өргөнө. Гуравдугаар сард евробондын төлбөрт 580 сая ам.долларыг төлөхөд төрдөө хувь нэмрээ оруулья гэж байгаа юм. Энэ сайхан санаачилга ард түмнээс гарсан. Үүнийг УИХ-ын гишүүд бид дэмжээд нэгдэж байна” гэсэн юм.

Ямартаа ч, УИХ-ын гишүүд Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй ахмадуудын улсаа эдийн засгийн хямралаас гаргахын тулд ард иргэдээ төрдөө хандив өргөх санаачилга гаргасныг дэмжиж, уг санаачилгад нэгдэж буйгаа илэрхийллээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …