Ардчилсан нам “амь тавих” сонголтоо өөрсдөө хийх үү

 

 

-Хар мөр дагуулсан сонгууль-

 

Олон сар хэл ам, хэрүүл тэмцэл хийсэн Ардчилсан нам сая нэг юм намын даргаа сольж амар жимэр болох нь уу гэтэл бас тэгэхгүй нь бололтой. Намын даргын сонгууль будлиантай болсон, мөнгө тараасан хэмээн өрсөлдөгчид нь С.Эрдэнийн эсрэг гомдол мэдүүлээд буй.

Тиймээс түүнийг намын даргаар хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж, бас л хэрүүл тэмцэл үргэлжлэх бололтой. Гэсэн хэдий ч эх сурвалжуудын үзэж буйгаар С.Эрдэнэ Ж.Батзандангаас эхлүүлээд ялагдагч нараа өөрийн талд урвуулах, өөрийгөө намын даргаар хүлээн зөвшөөрүүлэх “ажиллагаа”-г өрнүүлээд байгаа аж. Тэгвэл Ардчилсан намын жирийн гишүүд, дэмжигчдийн зүгээс С.Эрдэнийг намын даргад тохирохгүй хүн, Ардчилсан нам өөрөө өөрийгөө булшиллаа, улстөрийн тавцангаас бүрмөсөн арчигдах эхлэлээ тавилаа хэмээн бухимдацгааж байна. Ерөөсөө С.Эрдэнэ Ардчилсан намын даргад тохирох эсэх нь ихэд эргэлзээтэй.

Учир нь, түүнийг ямар нэгэн сонгуульт албан тушаалд өрсөлдөх болгонд нь ард иргэдийн зүгээс түүнийг хүний аминд хүрсэн, шоронд суусан, өмнөх эхнэр нь цонхоороо үсэрч амиа хорлосон, Баянгол дүүргийг өмчлөөд авчихсан, талийгаачдын нэрээр нийгмийн даатгалын сангаас мөнгө “хулгайлсан” гэх мэт онц ноцтой, дуулиант хэргүүдэд нэр холбогдож явсан хэмээн шүүмжилдэг. Харин С.Эрдэнийн зүгээс шүүхээс намайг дээрх хэргүүдэд гэм буруутайг нотолсон ямар нэгэн бичиг барьж ирчихээд “намайг шүү” хэмээн даналздаг. Тэгвэл “бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй” гэгчээр энэ удаагийн Ардчилсан намын даргын сонгуульд С.Эрдэнэ оролцсоноороо энэ сонгуулийг хар үйл явдал болгож хувиргалаа. Ямартаа ч, С.Эрдэнэ “хар мөр”-тэй сонгуулиар УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын албан тушаал дээрээ нэмээд АН-ын дарга хэмээх албан тушаал авахаар болж байх шиг байна.

Хэдийгээр С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдсон ч тус намын дүрмээр энэ хоёрдугаар сарын дундуур хуралдах АН-ын их хурлаар түүнийг батламжлах эсэхийг шийдэх юм. Ерөнхийдөө АН-ын их хурал дээр С.Эрдэнийг АН-ын хурлын төлөөлөгчид дэмжиж намын даргаар батламжлах эсэх нь ихэд эргэлзээтэй байна. Учир нь, “Шонхор” фракцад харьяалагддаг С.Эрдэнийг дэмжиж намын дарга болговол Ардчилсан намыг 2016 оны сонгуульд ялагдуулсан З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракцийнхан дахиад л АН-ын толгойд гарна. Тэгээд ч С.Эрдэнийг АН-ын даргаар батламжилсан тохиолдолд Ардчилсан нам 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуульд “нар үзэхгүй” нь ойлгомжтой.

Тийм ч учраас АН-ын бусад фракциуд С.Эрдэнийн эсрэг нэгдэн түүнийг намын их хурлаараа дэмжихгүй байхаар болоод байгаа гэнэ. Магадгүй энэ шийдвэрээс хамаарч АН “амьд үлдэх” үү аль эсвэл улстөрийн тавцангаас бүрмөсөн арчигдах уу гэдгээ шийднээ гэж тус намын хашир туршлагатай улстөрчид үзэж байна. Нөгөө талаас нэмэгдэхүүний байрыг өөрчилсөн ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэгчээр Ардчилсан намыг 2000 оны сонгуулиас хойш 20-иод жилийн дараа анх удаа том ялагдал амсуулсан Шонхор фракцийн З.Энхболдыг Шонхор фракцийн С.Эрдэнээр солиод амжилтад хүрэхгүй нь тодорхой. Тиймээс Ардчилсан нам дотор С.Эрдэнийг үнэндээ дэмжих хүн олдохгүй байгаа аж.

Харин байгаагаас ганц “Женко” Х.Баттулга л С.Эрдэнийг дэмжиж байгаа юм байх. Тийм  ч учраас хоёрдугаар сарын 10-даар болох АН-ын их хурлын үеэр С.Эрдэнэ намын даргаар батламжлагдахгүй байх магадлал тун өндөр байна. Ардчилсан намынхан намаа бодвол С.Эрдэнийг дэмжихгүй байх нь зөв гэдэгтэй санал нэгдээд байгаа ч С.Эрдэнэ шазайгаад намын дарга болохыг үгүйсгэхгүй. Учир нь, АН чинь “Авлигачдын Нам” шүү дээ. С.Эрдэнэ ч улстөрийн зориг гаргаж сайн дураараа намын даргын албан тушаалаас татгалзах нь юу л бол. С.Эрдэнээс тийм зан гарах ч үгүй байх. Шазайж зөрүүдэлсээр байгаад намын дарга болж намаа “алах” дүр зураг харагдаад байна.

Товчхондоо, С.Эрдэнэ АН-ын дарга болвол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгууль манайх болно гэдгийг МАН-ынхан тооцоолж байгаа. Үүнийг нь л хүлээж, анаж байгаа. Харин С.Эрдэнэ өөрийн гараар намаа аваачиж МАН-ын аманд хийх эсэх нь түүний дуусашгүй амбицаас ихээхэн хамааралтай.

Мөн С.Эрдэнэ “Буян”-гийн Жагаатай нийлж АН-ыг хөл дээр нь босгох гэнэ. Өнгөрсөн намын даргын сонгуулиар “Буян” компанийн захирал, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан борлуулалт муутай баахан ноолууран цамцаа С.Эрдэнэд шахсан юм байх. Тэгээд хүний юм аваад сонгуулийн сурталчигаандаа ашиглачихсан мань С.Эрдэнэ “Буян”-гийн Жагаад “дарамтлуулаад” байгаа гэнэ. Жагаагийн зүгээс С.Эрдэнээс АН-ын генсекийг надад өг хэмээн “уулгалан довтолсоор”.

Юутай ч, АН энэ гал Тахиа жилийн Цагаан сарын өмнө цаашдын хувь заяагаа шийдэж, “амьд үлдэх” эсэхээ тодорхойлох нь.

 

Төгс


Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …