2016 оны Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 100 дахь хоног Жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөртэй давхцан өнөөдөр тохиов. Энэ хугацаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй танилцуулах зорилгоор “100 хоног”тайлант өдөрлөгийг дүүргийн Соёл урлагийн ордонд зохион байгууллаа. Налайх дүүрэг 25 мандаттай. Үүнээс МАН 21, ардчилсан нам 4 суудал авч, шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллах болсон. Ингээд өнгөрсөн 100 хоногийн хугацаанд нээлттэй, ил тод засаглалыг бий болгох олон ажлуудын эхлэлийг тавьжээ. Тус дүүргийн ИТХ 4 удаагийн ээлжит хуралдаан хийсэн бөгөөд дараах асуудлуудыг шийдвэрлэв.
- Дүүргийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгох,
- Дүүргийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх,
- ИТХ-ын хуралдааны дэгийг шинэчлэн батлах,
- Дүүргийн ИТХ-ын ажлын хороодын бүтцийг шинэчлэн батлах,
- Дүүргийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, 2017 оны төсөв,
- Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр,
- 2017 оны эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл,
- Дүүргийн 2017 оны Орон Нутгийн Хөгжлийн Сангийн Хөрөнгөөр хийх ажлын жагсаалтад өөрчлөлт оруулах,
- 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө,
- Налайх дүүргийн “Хөгжлийн зөвлөл”-ийн ажиллах журмыг баталсан байна.
Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Ирээдүйн жишиг хот Налайх, Эрүүл орчинтой Налайх, Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Төрийн үйлчилгээгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх гэсэн 5 бүлэг, 29 зорилт, нийт 182 заалттай бодлогын баримт бичгээ баталсан тухайгаа өнөөдрийн нээлттэй өдөрлөгийнхөө хүрээнд иргэддээ танилцуулсан байна. Өдөрлөгт дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын албаны төлөөлөгчид болон дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар, 400 гаруй иргэн оролцжээ.
Өдөрлөгийн үеэр тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор түр саатуулах байрны засвар хийх төсөв хөрөнгийг шийдвэрлэж “Батламж” гардуулав.
Мөн дүүргийн Улаан Загалмайн Хороотой хамтран, 7 хорооны 7 өрх, хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэнд хүнсний тусламж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд болон түүний үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэн , Соёл урлагийн ордонд зохион байгуулагдах үзвэр үйлчилгээнд 1 удаа үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг болон дүүргийн ЭМТ-ийн амбулаторийн тасгийн эмчийн үзлэг оношилгоонд дараалал харгалзахгүй үйлчлүүлэх үнэмлэхийг тус тус гардуулсан юм. Мөн дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Баярсүрэн, О.Энхтайван, Ц.Эрбол нарын санаачилгаар бичиг баримтын зөрчилтэй 47 иргэний бичиг баримтын зөрчлийг арилгаж, шинээр бичиг баримтыг нь гардууллаа.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба тус өдөрлөгийн үеэр өөрийн эрхлэх асуудлын хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын санал асуулга, сэтгэл ханамжийн судалгааг 400 гаруй иргэнээс авч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 100 хоногт хийсэн ажлын тайлангаа ард иргэдэд ил тод нээлттэй тайлагнах зорилгоор “Налайхын хөгжил” сонинг хэвлүүлэн гаргаж, ард иргэдэд тараалаа.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ