Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өглөө 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 14-ний орой 18:00 цагт дуусна.
Online бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана. Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байна.
Шалгалтад бүртгүүлэхдээ:
- Цахим үнэмлэх
- Цээж зураг
- Интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode \БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл\
- И-мэйл хаяг \Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ\
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.
Хэрвээ хувийн мэдээлэл алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны \ esis.edu.mn \ боловсролын салбарын мэдээллийн системд засуулах шаардлагатай.
МХБШ бүртгэлийн хураамжгүй харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.
Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вэб сайтын “Шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.
ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд нэмж орно.
Монгол хэлний тухай хуулийн 7.4–д заасны дагуу ЭЕШ-ын Монгол хэлний шалгалтын даалгаврын 4/1- ээс доошгүй хувь нь монгол бичгийн даалгавар байна.
Хариултын хуудсыг бөглөхдөө хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бөглөх болсон. Хариултын хуудасны загварыг манай www.eec.mn хаягаас татаж авч дадлага хийх боломжтой.
Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудасыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.
Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
- Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.
ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана.
Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрд өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Шалгалтын бүртгэл болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар БҮТ-ийн мэргэжилтнүүд нийслэлийн бүх ЕБС-ууд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн БҮТ үйл ажиллагаандаа БҮТ-ийн лавлах \CALL CENTER\ үйлчилгээг нэвтрүүллээ.
Лавлах утас: 75779498
Боловсролын үнэлгээний төв