“Инээд бол өөрийн аливаад хандах хандлагаа өөрчлөх үнэгүй боломж юм” Чарлез Горду
Хүн өдөрт дунджаар 8 цагийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг учраас ажлын байрны уур амьсгал дулаахан, сэтгэл санаа өөдрөг байх нь бидний хувьд маш чухал юм. Харамсалтай нь ихэнх хүмүүсийн хувьд ажлын байр нь тайван амгалан, ажиллаж бүтээх орчин гэхээсээ илүү стресстэй орчин болж хувирдаг.
Тэгвэл ажлын байрандаа түгшүүргүй, ажлын бүтээмж өндөр, өөдрөг байх боломж бий юу гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуудлыг шийдэх олон арга зам байдаг ч энэ удаад инээдтэй холбоотой хамгийн сонирхолтой нэгэн аргын тухай өгүүлье. Нэгэн судалгаанд эмч, сэтгэл судлаач, нарийн бичиг, зөвлөх, нийгмийн ажилтан, эдийн засагч гэх зэрэг янз бүрийн мэргэжилтэй хүмүүсийг хамруулан ажлын байрны стрессийг инээдээр бууруулж болох туршилтыг явуулсан байна. Тэднээр 14 хоног өдөр бүр 10 минут инээх дасгал хийлгэжээ. Үр дүнг нь өдөр бүр тооцож байсан ба судалгаанд оролцогчдын ажлын байрны стресс мэдэгдэхүйц буурч, ажлын бүтээмж нэмэгдэн, харилцааны чадвар нь дээшилсэн байна. Үүнээс үзэхэд, хүмүүс ажлын байрандаа инээх дасгалыг тогтмол хийснээр стрессээ бууруулан, ажлын бүтээмжээ дээшлүүлэх боломжтой болох нь.
Ажлын байранд хөнгөн хошигнож инээснээр ажилчдын хооронд эерэг харилцаа бий болж бие биеэ илүү сайн ойлгох, хамтран ажиллах чадвар сайжирч, асуудлыг оновчтой шийдэх байдал нэмэгддэг байна.
Гэхдээ ажлын байранд хошигнохдоо түрэмгий, бусдыг эвгүй байдалд оруулахаас зайлсхийх ба хөгжилтэй зүйлс ярилцах, инээдмийн ном сэтгүүл тавих, хөгжилтэй зургууд тавих зэргээр эерэг хошигнолыг ашиглах нь зүйтэй юм.
Хүн чин сэтгэлээсээ инээж байхдаа ууртай, гунигтай, зовлонтой мэдрэмжийг мэдэрдэггүй байна. Түүгээр ч зогсохгүй инээд нь стрессийг бууруулж, эрч хүчийг нэмэгдүүлэн, анхаарлын төвлөрлийг сайжруулдаг ажээ. Мөн хөгжилтэй байснаар аливаа асуудлыг илүү өөдрөг, гэрэлтэй талаас нь харах боломжтой болдог. Түүнчлэн хошигнол, инээд нь уйтгартай зүйлсийг эерэг талаас нь хүртэн хүлээн авах боломж олгодог нь тогтоогдсон байна.
“Инээмсэглэлийн цаанаас амьдрал үргэлж гэгээлэг харагддаг”
ЭХЭМҮТ