УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж бүлгийн даргаараа Д.Эрдэнэбатыг сонголоо. Ардчилсан намын бүлэг намын даргаар сонгогдсон С.Эрдэнийн өөрийн хүсэлтээр бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээд түүнийг бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд өмнө нь УИХ дахь намын бүлгийн даргаар ажиллаж байсан туршлагатай Д.Эрдэнэбатыг сонгосон нь энэ аж.
Түүнчлэн АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлтэд Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг бүхэлд нь хамруулж мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгүүлж, дүн шинжилгээ, санал, дүгнэлт гаргуулах ажлын хэсэг байгуулах тухай болон бусад асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлийг бүхэлд нь хамруулж мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгүүлж, дүн шинжилгээ, санал, дүгнэлт гаргуулах Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг түр хойшлуулан бүлгийн дараагийн хурлаар хэлэлцэхээр болсон байна.