Улстөрчдийн зургийг зөвшөөрөлгүй авахыг хориглоно гэв үү

Гэрэл зурагчдад, тэдний эрхэнд халдах гэсэн, улмаар хэвлэн нийтлэх эрх чөлөөнд чөдөр тушаа болох гэсэн сонирхол, хүсэл зориг зарим улстөрчдөд төрөөд байгаа бололтой. Тийм яриа Төрийн ордноор тэнээд эхэлчихэж. Эрүүгийн хуулийн шинэчлэлд”Зөвшөөрөлгүй зураг авахыг хориглоно. Зөвшөөрөлгүй авсан зургаа нийтэд түгээн дэлгэрүүлсэн бол хариуцлага тооцно. Хувь иргэнийг хоёр сая төгрөг, аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торгоно” гэсэн заалторуулах гэж байгаа сурагтай. Тиймдээ тулбал хэн нэгэн эмэгтэй гишүүн өрөөндөө элдэвлэхийг, тэр өрөө нь УИХ-ын гишүүний болоод аль нэгэн сайдынх мөн бишийн тухайд мэргэжлийн хэмээх тодорхойлолтод багтдаг гэрэл зургийн сурвалжлагчид олон нийтэд дэлгэсэн асуудал ердөө ч байхгүй. Өөрсдийнх нь л ойр тойрныхон шившигийг нь хутгасан. Эрх мэдэл, сүр хүчээрээ далайлган УИХ, Засгийн газрын гишүүн, эрх барьж буй хийгээд сөрөг хүчний намын эвэртэн туурайтнуудтай холбоотой зураг авахын тулд бараг л “өргөдөл бичиж хороон даргаараа цохуулах” арга зам, тийм байдал руу оруулахаар хичээж байна, зарим түшээд. 


Оюуны өмчтэй холбоотой асуудал Монголд харьцангуй шинэ тутам нэвтэрч байгаа. Гэвч гэрэл зурагчид бид оюуны өмчийн талаар аль болох олон талт үйл ажиллагаа явуулж, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүдийнхээ энэ талаарх мэдлэг, мэдээллийг сайжруулахад сүүлийн хоёр жил түлхүү анхаарч ирлээ. Тиймдээ ч манай гэрэл зурагчид ёс зүйг илт зөрчсөн элдэв асуудалд аль болох оролцохгүй, өөрсдийн баримтлах хэм хэмжээнд ажиллаж ирсэн хэмээн ойлгож байна. Монголын гэрэл зурагчдын ёс зүйн есөн зүйлт зарчмын 5-д “Хувийн нууц, бусдын зовлон шаналалыг ойлгож, хүнлэг энэрэнгүй ёсыг ямагт сахина” хэмээн заасан байдаг билээ. Эрхтэн, дархтнуудын ор хөнжил, ордон дахь өрөө зэргээр манай зурагчид ил далд “шагайж”, түүнийгээ олон нийтэд дэлгээгүй гэдгээ дахин сануулъя. 


Өвдөж зовсон, уй гашууд автсан, өрөөлийн буруугаас эвгүй байдалд орсон зэрэг хүндэтгэн үзэхээс өөр аргагүй нөхцөлд хэн нэгний зургийг авч олон нийтэд цацах нь мэдээж аль аль талдаа таатай биш нь ойлгомжтой. Гэхдээ улстөрч байх тэр замыг сонгосон эрхэмүүд алхам тутамдаа олны нүдэн дээр байна гэдгээ ухамсарласан байх учиртай. Сонгуультай бүгдийг холбох гээд нэмэргүй. Зарим гишүүний гаргаж буй цаад санаа угаасаа “арьсаа хамгаалах” гэсэн явуургүй арга гэж харагдаж байна. 


Гэрэл зурагчингүй, гэрэл зураггүй үйл явдал, тэр тусмаа Та бүхний тууз хайчлах зэрэг арга хэмжээг хэвлэлүүд яаж мэдээлэхийг төсөөлөөд нэг үзээрэй. Зурагчдынхаа дурангийн өмнүүр “хар цаас барих” шаардлага өөрсдөө асуудалд орчих гээд байдаг цөөн хүнд л бий. Эрүүгийн хуульд энд дурдаж буй заалт орохгүй ч байж болох юм. Гэхдээ “айхгүй ч гэсэн аягүй” гэгчээр зурагчдад айдас, болгоомжлол төрүүлэх санаа ч цаана нь цухалзаж байгааг үгүйсгэж чадахгүй нь.

Шийдэх асуудал шилээ дараад хүлээж байхад…

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо

Bolor-erdene Baljinnyum

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …