Цөвүүн цаг ирэхэд иргэдийн итгэл үнэмшлээр тоглосон залилангийн шинжтэй үйлдлүүд хэрээс хэтэрдэг нь манайд ёс мэт болжээ. Ажил хөдөлмөр эрхлээд амжилтад хүрэх нь битгий хэл амьдралаа залгуулж чадахгүй байгаа иргэд ямар нэгэн гэнэтийн азанд итгэдэг болж.
Ерөөсөө ард иргэдийн амьдрал ахуй хэцүүдэхэд бурхан шүтээнд хандаж ажил амьдралаа даатгадаг нь нл эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн хүмүүсийн сэтгэхүйн хэв маяг юм. Тэгвэл ард иргэдийн амьдрал доройтож, улс орон элгээрээ мөлхөж буй энэ цаг үед иргэдийн сэтгэлээр тоглосон, тэднийг хуурсан, луйвардсан залилангийн бизнесүүд хүчээ авч байна. Санхүүгийн пирамид гэх янз бүрийн луйвруудаас өгсүүлээд төрөл бүрийн луйврууд иргэдийг хохироосоор.
Сүүлдээ иймэрхүү луйврууд олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүкээр дамжин олон хүнд хүрч, тархийг нь угаадаг боллоо. Энд төрийн нэр барьсан “ebarimt”-аас өгсүүлээд иргэдийг хохироосон маш олон луйвруудыг дурдаж болох ч хамгийн сүүлд явж буй нэгэн луйврыг онцлоё.
Фэйсбүүк дээр тодорхой нэгэн хуудас нээгээд түүнийгээ олон хүнд хүргэж, лайк, шейр цуглуулахын тулд иргэдийг хулхидаж байна. Лайк даруулаад машин өгөх юм гэнэ.
Фэйсбүүкээр дүүрэн ийм лайк цуглуулах гэсэн худал зарууд. Хүний хүсэл дээр дөрүүлсэн ийм маркетингийн ажлын ард автомашин оруулж ирэн худалдаалдаг нэр бүхий хэдэн компани, тэдгээрийн боссууд бий. Мэдээж тэд өөрсдийн бизнесийг таниулахын тулд олон нийтийн сүлжээг ашиглаж байгаа бөгөөд “лайкны гуйлга” хийх ядруухан маркетингт нь ард иргэд хууртсаар байна. Лайк дарж, шэйр хийсний нь төлөө “сугалаанд оролцуулж” үнэртэй ус өгнө л гэнэ, автомашин өгнө л гэнэ, орон сууц өгнө л гэнэ.
Лайк дарсны төлөө 50-100 сая төгрөгийн үнэтэй автомашин өгвөл л гэж дээ. Энэ бол зүгээр л пейж хуудсаа олонд таниулах, гишүүдийн тоогоо нэмэгдүүлэх гэсэн заль мэх төдий зүйл. Сүүлийн үед иймэрхүү онлайн залилангийн шинжтэй үйлдлүүд хэрээс хэтэрч байна. Энэ бүхэнд хариуцлага тооцдог, шалгадаг газар гэж ер нь байна уу.
Нинж