Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам Малайзад амиа алдсаныг дэлхийн хэвлэлүүд мэдээллээ. Ким Чен Нам нь Ким Чен Уны эцэг нэгт ах бөгөөд талийгаач удирдагч Ким Чен Ирийн ууган хүү юм.
Ким Чен Ирийг нас барсны дараа Ким Чен Намыг Хойд Солонгосын дээд удирдагч болох боломжтой хэмээн барууны хэвлэлүүд онцолж байсан ч тэрбээр эх орноосоо дүрвэн Макао зэрэг газруудад амьдарч байжээ. Харин энэ удаад Макао уруу нисэхээр Малайзын нисэх онгоцны буудал дээр байхдаа ийнхүү бусдад хорлогджээ. Түүнийг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хөнөөлгөсөн байх магадлалтай гэдгийг тагнуулын байгууллагын эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, түүнийг Малайзын нийслэл Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд байхад нь үл мэдэгдэх хоёр эмэгтэй ойртон очиж хордуулсан зүүгээр хатгаад зугтсан байна. Хэдийгээр Ким Чен Нам амьд байсан ч түүнийг түргэний машинаар нисэх онгоцны буудлаас эмнэлэг хүргэх хооронд амьсгал хураажээ. Ким Чен Нам нь өдгөө 45 настай бөгөөд түүний эх нь Хойд Солонгосын нэрт жүжигчин Сон Хе Рим юм. Тэгвэл Ким Чен Намыг Хойд Солонгосыг төлөөлөгчид хөнөөсөн гэдзэгт АНУ, Өмнөд Солонгосын Засгийн газар итгэлтэй байгааг “Reuters” агентлаг уламжилсан юм.
Ким Чен Нам Хойд Солонгосын удирдагч буюу эцэг нэгт дүү Ким Чен Уныг өв залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнээр тооцогддог бөгөөд тиймдээ ч амь насанд нь заналхийлсэн, халдахыг завдсан оролдлогууд хэд хэд гарч байжээ. Мэдээж энэ бүхний ард Хойд Солонгосын өнөөгийн засаг захиргааныхан байгаа гэдэгт барууныхан эргэлздэггүй юм. Ямартай ч, Ким Чен Намыг Хойд Солонгосын япон гаралтай бүжигчин Ко Ён Хи хэмээх өөр эхтэй Ким Чен Ун дүү нь хөнөөсөн байх маш өндөр магадлалтай юм байна.
Нинж