Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам Малайзын нисэх онгоцны буудалд бусдад хорлогдож амь насаа алдсан билээ.
Тус улсын цагдаагийн газраас гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй ази царайтай хоёр эмэгтэйг эрэн сурвалжилж байсан ба өчигдөр нэг эмэгтэйг нь баривчилжээ.
Малайзийн цагдаагийн газраас “Ким Чен Намын амь нас хохирсны дараа сэжигтэн болох 2 эмэгтэй таксинд сууж зугатаасан. Бид тэдний нэгийг өчигдөр баривчилсан. Тэрээр Вьетнам улсын паспорттой, 28-н настай эмэгтэй. Түүний биеийн байцаалтыг тодруулахаар ажиллаж байна” гэж мэдээлсэн байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун эцэг нэгтэй ах болох Ким Чен Намын амь насыг хөнөөлгөхөөр тусгай албаны хоёр эмэгтэйг илгээсэн. Тэд онгоцны буудал дээр байсан Ким Чен Намын нуруу руу хортой зүү харвасан бөгөөд нүүр рүү нь бас амь насанд аюултай химийн бодисыг цацаж түүний амь насыг хөнөөсөн” гэж бичиж байгаа юм.