Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр болж, монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны 2016 оны тайлан, 2017 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа.
Монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх, залуу үеийг бэлтгэх болон монгол судлалыг сурталчлах хүрээнд нэлээд олон ажил хийхээр төлөвлөжээ.
Төлөвлөгөөг боловсруулахад нээлттэй байх зарчмыг барьж, тус зөвлөлд ирүүлсэн төсөл, зохион байгуулах хурал, үйл ажиллагааны саналыг жилийн туршид хүлээн авдаг байна.
Гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургууль дахь Монгол судлалын үйл ажиллагааг дэмжиж, санхүүжилт олгох, залуу монгол судлаачдын зуны сургалт, “Монголын түүх судлалын өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол түүхэнд холбогдох архивын баримт, сурвалж бичгийн өв” олон улсын хурал, Монгол ба Алтай судлалын олон улсын хурал зэрэг арга хэмжээг энэ онд зохион байгуулна.
Мөн “Монгол судлалын шилдэг өв” цуврал төслийн хүрээнд Ш.Бира, Ц.Дамдинсүрэн нарын эрдэм шинжилгээний бүтээлийн бүрэн эмхэтгэл гаргах юм байна. “Монгол судлалыг дэлхийд хөгжүүлэх бодитой ажлыг дэмжих ёстой” гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо.
Монгол судлалын үндэсний зөвлөлөөс санхүүлж 2016 онд хэвлүүлсэн “Монголын соёлын өв” цуврал боть зэрэг бүтээлийн дээжээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.