УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаяр нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас дуудан байцааж, улмаар цагдан хорьсон байна.
Тэднийг Хөгжлийн банк болон бондуудуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан байцааж, ийнхүү ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги буюу хуучнаар “Ганц худаг” руу ачсан байна. АТГ-аас өчигдөр Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон зээлдэгч нарыг дуудаж байцаасан бөгөөд Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг прокурорын тогтоолын дагуу улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон хорьсон байна. Сонирхуулахад, “Фортуна” Н.Батбаяр өмнө нь цагдан хоригдож байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гараад байсан юм.
Харин Б.Гарамгайбаатарын хувьд түүнийг АТГ-аас шалгаж эхэлснийг эх сурвалжууд мэдээлж байсан. Сануулахад, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкны томоохон зээлдэгч бөгөөд тэрбээр өөрийн удирддаг “Монроуд” компаниараа дамжуулан улсаас их хэмжээний зээл авч “Халзанбүргэдэй-Солонготын даваа” чиглэлийн автозамыг барьсан. Гэсэн ч Б.Гарамгайбаатар уг төслөөр дамжуулан гүйцэтгэх ажлын төсвийг нэмэгдүүлсэн байх магадлалтайг аль хоёр жилийн өмнөөс зарим эх сурвалжууд мэдээлж байсан.
Тэгвэл тухайн үед УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Монроуд” компанитай холбоотой асуудалд дараах тайлбарыг хийж байсан юм. Тэрээр “Монроуд бол миний үүсгэн байгуулсан компани. Архангай аймагт Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлд 100 км авто замын тендерт 2012 оноос өмнө Монроуд компани шалгарсан. Тэр үед үнийн маргааны асуудлаас болж энэ чиглэлийн авто замын ажил эхлээгүй байсан. Ингээд 2012 оны дараа холбогдох яамдуудтай гэрээ хэлэлцээр хийж, замын ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр нэг ч км зам бариагүй байж 40 гаруй тэрбум төгрөгийг дансанд шилжүүлсэн гэж АТГ-ын албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласнаас болж энэ асуудал үүссэн байдаг. Өнөөдрийн Хөгжлийн банкны өгсөн тайлбар дээр энэ асуултыг бүлгийн гишүүд асуусан. Хөгжлийн банкны өгч байгаа тайлбараар Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн авто замын ажлыг хийж дууссан. Харин санхүүжилт нь өнөөдрийг хүртэл бүрэн шилжигдэж очоогүй гэдгийг баталсан. Би ийм л тайлбарыг өгье” гэж байсан юм.
Нөгөө талаас АТГ-аас томилогдсон Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар 1.5 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор АТГ Хөгжлийн банкинд хохирол учруулсан этгээдүүдээр дээрх мөнгийг нөхөн төлүүлэх ажиллагааг эхлүүлсэн юм.
Нинж