Хойд Солонгосын иргэд визгүй зорчдогийг цуцлана

Малайз улс Хойд Солонгосын иргэдийг визгүй зорчуулдаг журмаа цуцлана хэмээн мэдэгдлээ. Визний журмыг чангатгаж буй хууль дүрэм гуравдугаар сарын 6-наас эхлэн хэрэгжинэ хэмээн тус улсын дэд Ерөнхий сайд ЗахидХамади мэдэгдлээ. Ийнхүү Хойд Солонгосын иргэд Малайз улсад зорчихдоо виз мэдүүлэх болж байна. Үндэсний ашиг сонирхлын үүдээс ийм өөрчлөлт хийж байгааг сайд дуулгажээ. Хойд Солонгосын лидер Ким Чен Уны ах Ким Чен Нам Куала-Лумпурын нисэх онгоцны буудал дээр мэдрэл муутгаж саажуулдаг хорт бодисын халдлагад өртөжамиа алдсанаас хойш хоёр долоо хоногийн дараа ийм шийдвэр гарч байна.

Ким Чен Нам Хойд Солонгосын нууц тагнуулуудын довтолгоонд өртөн амиа алдсан хэмээн Өмнөд Солонгос, АНУ үзэж байгаа юм.

Дээрх хэрэгт Хойд Солонгосын уугуул Малайзын иргэншилтэй Ри Чон Чол болон Вьетнам, Индонезийн харъяат иргэнийг сэжиглэн баривчилжээ. Индонезийн иргэн, 25 настай Сити Айша хэмээх бүсгүй Ким Чен Намыг хордуулсныхаа төлөө 90 ам.доллар авсан хэмээн мэдүүлжээ. Тэднээс гадна Хойд Солонгосын дөрвөн иргэнийг энэ хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байна. Нэг нь Пхеньяны дипломат ажилтан гэсэн мэдээлэл байгаа аж. Нисэх онгоцны буудал дээр Ким Чен Намд халдсан эмэгтэйчүүд нь хорт бодисыг нүцгэн гараараа түүний нүүрэн дээр түрхсэн болохыг цагдаагийн шинжээчид тогтоогоод байна. Тэднийг хүн амины хэрэгт буруутгажээ. Малайзын хуулийн дагуу тэдгээр бүсгүйчүүд цаазаар авахуулж магадгүй байна. Хойд  Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн том хүү Ким Чен Нам Европт боловсрол эзэмшээд ирснийхээ дараа эцгийнхээ залгамжлагч хэмээн зүй ёсоор нэрлэгдэж байв. Гэвч тэрээр Япон руу хуурамч паспортоор нэвтрэх гэж байгаад баригдсанаасаа хойш энэ жагсаалтаас хасагдаж түүний дүү Ким Чен Ун Хойд Солонгосыг удирдах дараагийн хүнээр тодорсон юм. Ким Чен Нам тэр цагаас хойш Малайз, Сингапурт амьдарч байжээ. Тэрээр Малайзаас Макао руу явах гэж байгаад нисэх онгоцны буудал дээр хорлогдон амь насаа алдсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …