БОГОТА. /Xinhua/. Хар тамхины наймаачид кокаин болон бусад төрлийн хар тамхийг хилээр давуулахын тулд гэнэн цайлган зорчигчид болон тэдний ачаа тээшийг ашиглаж байна гэж Колумбын “Caracol“ мэдээллийн агентлаг сэрэмжлүүллээ.
Тус агентлагийн мэдээлснээр, нисэх онгоцны буудлын зангиа зүүсэн ажилтнуудаас авахуулаад гэмт бүлэглэлүүдийн ашиглаж буй энэхүү хар тамхийг хил нэвтрүүлэх арга нь маш энгийн аж. Тэд шалган нэвтрүүлсэн чемоданаас ачааны шошгыг нь авч хар тамхи дүүрэн хийсэн чемоданд сольж зүүдэг байна.
Богота хотын Эль Дорадо нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын албаны ажилтнууд мафийнхантай сүлбэлддэг байж магадгүй талаар мөрдөн байцаалт явуулж байгаа гэж цагдаагийн газраас мэдэгдсэний дараа дээрх сэрэмжлүүлгийг түгээсэн ажээ.
Гадаад руу нисч буй зорчигчдын ачаа тээшний шошгыг авч хар тамхиар дүүргэсэн ачаанд аялагчдын нэр бүхий шошгыг наан сольж байгаа явдлаас үүдэн цагдаа, нисэхийн буудлын албаныхан өндөр сонор сэрэмжтэй ажиллаж байна.
Өөрсдийн ачаа тээшээ алдагдаж, солигдохоос урьдчилан сэргийлэхийн тулд ачаа тээшээ хуванцар болон гялгар уутаар ороох зэрэг арга хэмжээ авахыг хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд зорчигчдод уриалжээ.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг