2020 онд АН-аас нэр дэвшээд УИХ-д ялна гэсэн хүмүүсээ сонгох хэрэгтэй

20604a67bccb1952d3b0b6da523918b4.jpg

2020 онд АН-аас нэр дэвшээд УИХ-д ялна гэсэн хүмүүсээ ҮБХ-нд оруулах хэрэгтэй

-Сонгуульд өрсөлдөх гээд ажил ихтэй л байгаа юм байна. Үндэсний бодлогын хорооны сонгууль чинь дөрөвдүгээр сарын 2-нд болох бил үү?

-Тэгнэ. Би өмнө нь намын дарга гээд албан тушаалаараа Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр шууд сонгогддог байсан. Энэ удаад жирийн гишүүний хувиар, бусдын адил өрсөлдөнө. Зөвхөн УИХ-ын гишүүд л өрсөлдөөнгүйгээр ҮБХ-ны гишүүн болно гээд шинэ дүрэмд заачихсан. Дөрвөн сарын 2-нд зөвхөн ҮБХ-ны сонгох юм биш л дээ. Орон нутагт ялагдал хүлээсэн 223 суманд Ардчилсан намын даргын сонгууль явагдана. Мөн 21 аймгаас 19-т нь, нийслэлийн 9 дүүргээс Сүхбаатар, Баянзүрх, Баянголоос бусад зургаад нь Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулах юм.

-Нам доторх сунгааг ойр, ойрхон явуулах нь зардал мөнгөний хувьд хэцүү биш үү. Өмнө нь тэрбум гаруй төгрөгөөр намын даргын сонгуулийг явуулсан. Намын даргад өрсөлдөгчид 250 сая төгрөгийн дэнчин тавьж байсан бол одоо ҮБХ болон аймаг, сум дүүргийн Ардчилсан намын даргад өрсөлдөх хүмүүс бас л багагүй мөнгө төлөх ёстой. Мөнгөтэй хүмүүсийн гарт Ардчилсан нам ахиад орчих юм биш биз дээ?

Улс төрийн намд улсаас мөнгө өгдөггүй юм аа. Гэтэл зардалгүй сонгууль гэж угаасаа хаана ч байхгүй. Нэгэнт улсын төсвөөс мөнгө төлдөггүй юм чинь өрсөлдөх хүмүүс нь өөрсдөө зардлаа даахаас өөр аргагүй. Намаас ямар ч мөнгө зарцуулахгүй. Намын даргад өрсөлдсөн хүмүүсээс 250 сая төгрөг нэхлээ гэж нэр дэвших бодолтой намын зарим нэг гишүүн бухимдсан. Сонгууль нь ч шинэ, зардлыг нь өөрсдөөс нь гаргадаг нь ч шинэ болохоор цочирдсон байх. Гэхдээ тэр 250 сая төгрөгийг нэр дэвшигчид хувиасаа гаргаагүй хандиваар босгосон. Дэлхий дээр аль ч улсын ямар ч улс төрийн нам, гишүүд, ямар ч сонгуульд нэр дэвшигчид хандив босгохоос ажлаа эхэлдэг. Өөрийг чинь намын дарга эсвэл УИХ-ын гишүүн болно гэдэгт хандивлагчид итгээд мөнгө өгвөл сонгуулийн ажлын тал нь бүтлээ гэсэн үг. Манай нам ч гэсэн энэ жишгийн дагуу явж байгаа.

1997 онд Английн Консерватив нам парламентын 130 суудал алдаад парламентын бүлгээс даргаа сонгодог дүрмээ нийт гишүүдээсээ сонгодог болгож өөрчлөөд дараагийн парламентын сонгуульдаа ялж байсан юм. Гишүүддээ шийдвэр гаргах эрхээ шилжүүлснээр сонгуулиа амжилттай зохион байгуулж байсан энэ жишгийг Ардчилсан нам харгалзаж бүх шатны намын удирдлагаа бүх гишүүд нь сонгодог дүрмийн өөрчлөлтөө хийсэн.

Ямар ч сонгууль зардалтай, жишээ нь улс даяар зохион байгуулдаг сонгууль 10-20 тэрбум төгрөгөөр бүтдэг. Ерөнхийлөгчийн сонгууль гэхэд намаас гарах нь 5-6 тэрбум, нэр дэвшигчээс гарах нь гурван тэрбум, дээр нь СЕХ-ноос гаргах нь 13.9 тэрбум төгрөг. Тэгэхээр ийм их мөнгө гардаг сонгуулийг харин ч 1.2 тэрбум төгрөгөөр явуулж чадсан. Түүнийгээ таван хүндээ хуваахаар 250 сая төгрөг л болсон ш тээ. Хэнийг гаргахаа гишүүд өөрсдөө шийднэ. 2020 онд Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшье гэвэл одоо ҮБХ-нд өрсөлдөж орж ирэх хэрэгтэй. Манай гишүүд ч сонголт хийхдээ 2020 онд УИХ-д Ардчилсан намыг ялуулж, гишүүн болж чадах хүнийг сонгох учиртай. Шуудхан хэлэхэд энэ хүнийг ҮБХ-д гаргавал 2020 онд УИХ-д ялах уу, үгүй юу гэсэн сонголтыг хийнэ гэсэн үг. Жишээлбэл, Баянгол дүүргийн УИХ-ын 70 дугаар тойргийн Ардчилсан намын 2000 гишүүн ҮБХ-ны таван гишүүнийг сонгоно. Таван суудлын төлөө арван хүн өрсөлдлөө гэхэд бүгдийг нь адилхан мэдээллээр хангана. Аль болохоор зардал багатай сонгууль явуулна. Нэр дэвшигч өрсөлдөх мөнгөө өөрийнхөө халааснаас гаргах юм биш л дээ. Энэ хүнийг ҮБХ-нд эсвэл аймаг, сум, дүүргийн Ардчилсан намын дарга болгоё гэсэн хүмүүс нь хандив өгч болно. Өөрөө гишүүдээсээ хандив гуйж болно. Дэнчингийн мөнгө бол татвар биш. Хэрэв ҮБХ-нд орж чадахгүй бол гурван сая төгрөгийг нь буцаагаад өгнө. Ардчилсан нам гишүүдийнхээ хандиваар сонгуулийг зохион байгуулж байгаа нь эрүүл үзэгдэл. Төрийн албыг 60 тэрбумаар үнэлсэн МАН шиг  биш.

-Баянгол дүүргийн Ардчилсан намын байранд нүүж хэзээ ирээ вэ?

-Ардчилсан хүчний холбоо өмнө нь “Ардчилалын өргөө”-нд байрладаг байсан юм. С.Эрдэнэ намын дарга болсны дараа манай байрладаг давхрыг намын оффис болгосон. Тиймээс бид наашаа нүүж ирсэн. Төвхнөж амжаагүй л байна.

-Танай нам фракциас ангид бодлогын нам болохоо зарласан. Гэхдээ Ардчилсан нам фракцигүй болно гэхээр итгэл үнэмшил төрөхгүй юм?

-Фракци гэж хэвлэлийнхэн дэвэргээд байгаа болохоос манай намын дүрэмд энэ талаар нэг ч үг байхгүй. Өмнө нь яагаад фракциуд амьдраад байв гэхээр цөөн хэдэн хүнээс лидерээ тодруулдаг байсантай холбоотой. Урьд нь фракциуд тохироод аймгийн намын хорооны 120 хүнээс ҮЗХ-ны гишүүнээ сонгодог байлаа. Манайхаас тэрийг гаргана, танайхаас тэрийгээ гарга гээд тохироогоор ҮЗХ-ны гишүүдээ сонгочихдог байсан. Одоо бол ҮБХ-нд хэнийг сонгохыг нийт гишүүд шийдэх учраас аль фракцийн хүн бэ гэж асуух шаардлагагүй болчихож байгаа юм. Тиймээс энэ аль фракци вэ, түүнийг сонгоё гэсэн хуйвалдаан манай намд ахиж явагдахгүй. Тэгээд ч фракциуд тохироод даргаа сонгодоггүй гэдгийг Ардчилсан намын даргын сонгууль харуулчихсан шүү дээ. Ардчилсан нам нэгдмэл байя гэвэл фракциас ангид байх ёстой.

-Яг үнэндээ Ардчилсан намын эрх мэдлийг “Шонхор” фракци атгаж байна уу гэсэн хардлага байгаа. С.Эрдэнэ гишүүн намын дарга болсныхоо орой өөрийн гарын хүнээ намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилчихсон шүү дээ. Тэгэхээр танай намын ҮБХ дандаа “Шонхор”-ын хүмүүсээр бүрдэхгүй гэсэн баталгаа байна уу?

-Ц.Туваан өмнө нь аль фракц байсан нь одоо хэнд ч хамаагүй. Наад нөхөр чинь зөвхөн намын аппаратын ажилтан.

Сонгогчдын бүртгэлийг төв нам хариуцаж байгаа. Тэгэхээр сонгуулийг зохион байгуулж буй намын аппаратны ажилтнууд Ардчилсан намын дотоод сонгуульд оролцохгүй дүрэмтэй. Туваан аль нэг нэр дэвшигчийн төлөө тал засч ажиллах боломжгүй гэсэн үг.

МАН-д маш муу дүн тавина

-Ардчилсан намд өөрсдийгөө шинэчлэх нэг л зовлон бий. Харин Ардын намд түмэн зовлон байна. Тэгэхээр та УИХ-ын дарга байсны хувьд МАН-ын засагт ямар дүн тавих вэ?

-Ардын намд би муу дүн тавина. Яагаад муу дүн тавьж байна гэхээр Ардын нам улс орноо эдийн засгийн хямрал руу түлхсэн. Уг нь улс орны эдийн засаг муу байна гэж үзээд иргэд Ардын намыг сонгосон юм шүү дээ. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсч байгаа ч Монголын эдийн засаг сэргэх хүлээлт алга. Үнэндээ МАН-ынхан мордохын хазгай гэгч болсон. Ардчилсан намыг муулж, орон нутгийн сонгуульд оноо авах гэж байгаад улсынхаа зээлжих зэрэглэлийг унагаачихсан. Үүнээс нь болоод зээлдэг мөнгөнийх нь хүү өссөн. Ардчилсан намыг муулаад сонгуульд ялж болно. Гэхдээ гадаад зах зээл Ардын намын улс төрийг ойлгохгүй. Улсаараа муу юм байна л гэж хүлээж авна.

-МАН-ынхан өнөөдрийн эдийн засгийн хямралыг танай намаас болсон гэсэн тайлбарыг хийдэг. Танайхан дансандаа сохор зоосгүй, валютын нөөцгүй эдийн засаг хүлээж өгсөн гээд байгаа. Энэ үнэн үү?

-Энэ бол гүтгэлэг. Манай нам 1.4 тэрбум ам.долларын валютын нөөц үлдээсэн. Харамсалтай нь “нөөцгүй боллоо” гэж улстөржсөн мэдэгдэл хийдэг Монголбанкны ерөнхийлөгчтэй болсон байна.

Улс орнуудын кредит рейтингийг тогтоодог агентлагийнхан Монголд ирээд МАН-ынхантай уулзах гэсэн юм билээ. Гэтэл Ерөнхий сайд нь ч, Сангийн сайд нь ч, Монголбанкны ерөнхийлөгч нь ч уулзалгүй хөөгөөд явуулчихсан байсан. Тэгэхээр нь гадныхан Монгол муу юм байна гэж ойлгох нь зөв шүү дээ. Сангийн сайд  өчигдөр кредит рейтинг гэдэг чинь их чухал юм байна гэж ярьж байна лээ. Үүнийг МАН-ынхан жилийн дараа ойлгож байгаа нь харамсалтай. Уг нь тэр агентлагийнхныг хүлээж авч уулзаад юмаа сайхан тайлбарлаж өгөх ёстой байсан. Бид нар худлаа ярьсан юм аа, Ардчилсан намынхан 1.4 тэрбум долларын нөөц үлдээсэн. Манайхан улстөржчихсөн юм, та нар залруулаад өгөөрэй л гэх ёстой байхгүй юу. Тэгж ярилгүйгээр хамаг рейтингээ унагаагаад, уулзах нь бүү хэл хөөгөөд явуулчихсан байгаа юм даа. Тэр улсууд манайхантай уулзах шаардлагагүй. Гаднаас нь хараад дүгнэлтээ биччихдэг юм. Уулзъя гэж санал тавьж байгаа нь та нар юмаа тайлбарлаач ээ гэсэн санаа. Ардын намынхан Ардчилсан намыг харуулах гэж хэт улайраад мөнгөний ханшаа алдчихсан. Өмнө нь доллар 2000 төгрөг болоход МАН-ынхан яаж орилж хашгирдаг байлаа даа. Одоо бүр 2500 болчихоод байна шүү дээ. Ханшийг 2000 орчим төгрөгт бариад байх боломжтой байсан. Ийм маягаар улс орны эдийн засгийг авч явахгүй ээ. Одоо Ардын намынхан үнэнд гүйцэгдэнэ гэгч болж байна. Гэтэл сонгуулийн үеэр Ардын намын мөрийн хөтөлбөртөө юу гэж амалж байлаа. Бодвол өөрөө уншсан байлгүй.

-Уншсаан, уншсан.

-Би дахин сануулах үүднээс харуулъя. Ардын нам эх орноо өрнөөс салгана гэсэн байгаа биз дээ. Түүнээс ОУВС-гаас 5.5 тэрбум доллар зээлнэ гэсэн үг байна уу. “Ардчилсан нам яасан их зээл авдаг юм бэ”, “Бонд гэж ямар аймаар юм бэ”, “бид засгийн эрхэнд гарвал зээл авахгүйгээр улс орноо авч явна” гэсэн сурталчилгааг Ардын намынхан дөрвөн жил хийсэн хүмүүс.

Сөрөг хүчин байхдаа биднийг төсвийн зардлыг 15 хувиар өсгөсөн гээд улс төржөөд байсан. Өөрсдөө засгийн эрхэнд гараад төсвийн зардлыг 30 хувиар өсгөчихлөө. Цомхотгосон дэд сайдын алба тушаалыг дахин сэргээгээд баахан хүнийг төсвөөс тэжээдэг болчихлоо. Улс орны эдийн засгийг баллалаа, төсөв улайсан гээд биднийг муулаад байсан. Насны хишиг гээд баахан мөнгө тараагаад эхэллээ. Үнэхээр хэцүү, төсөвт мөнгө байгаагүй юм бол тэр мөнгийг хаанаас олж тараав?

-Эдийн засаг ойрын хугацаанд хямралаас гарч чадах болов уу. Улстөрч хүний хувьд та юу гэж харж байна?

-Манай эдийн засаг өрөөсгөл бүтэцтэй зөвхөн түүхий эд үйлдвэрлэж зардаг, бэлэн бүтээгдэхүүн экспортод гаргадаггүй. Ардчилсан нам засгийн эрхэнд гараад эдийн засгийг хямраачихсан юм биш. Манай улсын олон арван жилийн хөгжлийн үр дүн. Ардчилсан нам засаг барьсан дөрвөн жил хамаг эрдэс баялгийн үнэ унаад бонд авахаас өөр аргагүй болсон. Үгүй бол ам.долларын ханш бүр 5000 хүрчих гээд байсан юм. Сонгуулийн дараа МАН-д манай намын бодлогыг үргэлжлүүлэхээс өөр гарц байгаагүй. Уг нь гарз, хохирол багатай давж болох байсныг улс төржүүлж, худлаа мэдэгдэл хийсний үр дүнд ханшаа алдсан. Улсынхаа нэр хүндийг гадаад зах зээлд унагаасан.

МАН-ыг гаргаад сайхан болчихно гэсэн хүмүүс одоо ажилгүй болоод эхэллээ. Ипотекийг зүгээр л үргэлжлүүлсэн бол барилгын салбарын олон мянган ажилчин ажилгүй болохгүй л байлаа.. Ардын намыг сонгочих юм бол эдийн засгийн өсөлт нь гэнэт 17 хувь хүрээд 21 мянган төгрөгөө зүгээр аваад, ажилгүйдэл алга болоод өр зээл тавихгүй сайхан явна л гэж бодсон шүү дээ. Гэхдээ тэгэх ямар ч боломжгүй.

-Хямралаас гарахын тулд бид ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-Хямралаас гарын тулд эдийн засгаа л солонгоруулах ёстой. Ч.Сайханбилэгийн эдийн засгаа солонгоруулъя гээд байдаг чинь нэг өдөр хийгдэх ажил биш юм. Монгол Улс өнгөрсөн 96 жил эдийн засгаа солонгоруулж чадаагүй. Энэ хугацаанд Ардын нам ч засаг барьсан. Ардчилсан нам ч засаг барьсан. Гэхдээ өнгөрсөн 96 жилийн 88 жилд нь МАН дангаараа засаг барьсан.

Эдийн засгийг солонгоруулна гэдэг удаан хугацаанд хийх ажил. Угаасаа нэг Засгийн газар хийж амжихгүй. Дэлхий дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн (түүхий нүүрс, зэсийн баяжмал биш) үйлдвэрлэж, түүнийг нь хүн авдаг болсон цагт эдийн засгаа солонгорууллаа, хямралд өртөхгүй боллоо гэж хэлнэ. Монгол Улс өөрийн онцлогтой аж үйлдвэртэй болохгүй бол бүх юмаа гаднаас авсан хэвээрээ байна. Бид металургийн үйлдвэргүйгээр, газрын тос боловсруулах үйлдвэргүйгээр, зэс хайлуулахгүйгээр эдийн засгаа солонгоруулах нь мөрөөдөл хэвээрээ үлдэнэ. Бидний сайн мэдэх Өмнөд Солонгос улс гэхэд одоогийн ерөнхийлөгчийн аав Пак Жин Хэгийн 1961 онд эхлүүлсэн үйлдвэржилтийн бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн эдийн засагтай болжээ.

Ардын нам ардчилсан намаас уучлалт гуйх хэрэгтэй

-Гаднаас бонд гаргахгүйгээр хөгжих боломж байхгүй гэсэн үг үү?

-Байхгүй. Бонд гаргадаггүй, гадаад зах зээлээс зээл авдаггүй улс дэлхий дээр хоёр л байдаг. Дэлхийн эдийн засгийн сүлжээнд ороогүй Хойд Солонгос, Куба. Бонд гаргах бол санхүүгийн хэвийн үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Бонд гаргахыг Ардын намынхан гэмт хэрэг гэж яриад байсан юм. Үнэндээ Оросын их өр шиг 10 тэрбум доллар зээлээд улс орноо өрөнд унагаачихаж байгаа юм биш шүү дээ.

МАН өнөөдөр Хуралдай нэртэй бонд гаргаад явж байна. Бас ОУВС болон бусад банк, улсуудаас 5.5 тэрбум ам.доллар буюу алдарт Чингис бондоос 3.7 дахин их мөнгө юунд зарцуулах нь тодорхойгүйгээр зээлж авахаар ярьж байна. Гэтэл МАН-ынхан сонгуулиар нэг ч төгрөгийн өр тавихгүйгээр өмнөх өрийг дарчих юм байна гэж сонгогч Дорж, Дулмаад ойлгуулсан. Харин өнөөдөр бонд гаргахаас өөр арга байхгүй гэж МАН үнэнд гүйцэгдэж байна. Ардын намынхан мөрийн хөтөлбөртөө Ардчилсан нам бонд гаргаж өрийн гүн ангал руу орлоо. Бид өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулна гээд байсан, хаана байна.

-ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хандивлагчдаас 5.5 тэрбумыг авч өрөө дарахаар болсон юм биш үү?

-Дөрвөн жилийн сонгуулийн циклээр Ардын нам шиг худлаа яриад засаг авч болно. Гэхдээ жил хүрэлгүй худлаа ярьсан нь баригдаж байгаа биз. Ардын намынхны яриад байгаа шиг эдийн засгийн өсөлт 17 хувь хүрсэнгүй. Ардчилсан нам Чингис бонд гэдэг мөнгө аваад улс орноо өрийн дарамтад оруулсан гээд байсан. Одоо улс орноо өрийн дарамтнаас гарга л даа. Гаргахын тулд дахиад 5.5 тэрбум доллар зээлэх ямар хэрэг байна. Тэгээд ч Чингис бондыг төлөх хугацаа болоогүй байгаа. Нэг тэрбум долларыг нь 2022 онд төлөх ёстой. Гэхдээ зээл авахгүйгээр улс урагшлахгүй гэдгийг МАН ойлгож авсанд баяр хүргэе. Бид нар өрнөөс гаргана гэж сонгуульд ялахын тулд худлаа хэлсэн юмаа, уучлаарай, Ардчилсан намын зөв байжээ гэж Ардын нам одоо уучлалт гуйх хэрэгтэй.

-Чингис бонд хаашаа орсон, юунд зарцуулав гэсэн асуулт нийгэмд бий болоод удаж байна. Өнөөгийн эрх баригчид Чингис бонд үр дүнгүй алга болжээ гэдэг. Танайхан болохоор МАН-ынхан зээлсэн гэх юм. Иргэд хэн нь худлаа, хэн нь үнэн яриад байгааг ойлгохгүй байна?

-Чингис бонд юу болсныг, хаашаа орсныг бид маш сайн сурталчилсан. Гуравны нэг нь засмал зам болсон. Гуравны нэг нь цахилгаан станцын өргөтгөл, орон сууцны дэд бүтэц болсон. Нийлээд гуравны хоёр нь бүтээн байгуулалт болсон. Өнгөрсөн ная, ерэн жил хийгдээгүй том, том өргөтгөлийг бондын хөрөнгөөр хийсэн. Дулааны цахилгаан станцуудыг өргөтгөж, цэвэрлэх байгууламжуудыг шинэчилж, барьсан. Аймаг болгоны төвд мянган айлын орон сууцны дэд бүтцийг байгуулсан. Аймаг болгонд зам тавилаа. Баруун гурван аймгаас бусдыг нь хар замтай холбож дууссан. Манай улсын эдийн засаг энэ бүтээн байгуулалтынхаа төлбөрийг төлөх бүрэн чадвартай.

Үлдсэн гуравны нэгийг нь хувийн компаниуд зээлсэн. Тэр мөнгийг зээлсэн компаниуд өөрсдөө хариуцна. Үүний 60-70 хувийг одоогийн УИХ-д суугаа Ардын намын гишүүдийн хувийн компани авсан. Гишүүн хийж цагаа үрж байхаар зээлээ төлөөч. Гарч ажлаа хийгээч. Хэдэн зуун тэрбумаар нь авсан байсан. Зээл авахыг би буруу гээгүй. Авсан бол зээлээ төл гэж байгаа юм. Хэний ч компани зээл авч болно. Үйлдвэр байгуулсан бол бүр сайн.

-Товчхондоо Чингис бонд бүтээн байгуулалт болсон гэсэн үг үү?

-Тийм. Ардчилсан намын үед авсан 1.5 тэрбум доллар товчхон хэлбэл 21 аймгийг холбосон зам болжээ. 80 мянган айлыг орон сууцжуулжээ. ТЭЦIV, ТЭЦIII-ын хүчин чадлыг нэмжээ. Жагсаагаад тоолбол зөндөө ажил байна. Ардчилсан нам Чингис бондын задаргааг хэнээс ч нуулгүй тайлбарлаж байсан. Харин Ардын намын тараасан хоёр их наяд төгрөг хаана байна вэ, Монголын хөгжилд ямар хөрөнгө оруулалт болов оо. Ардын намынхнаас та нар ингэж асуух хэрэгтэй шүү дээ. МАН хоёр их наяд төгрөгийг хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болгосон ш тээ. Чи тэр 21 мянгаараа юу хийсэн бэ.

-Чингис бондын зарцуулалттай холбоотойгоор танай намынхныг шалгаж, мөрдөж байгаа. Сар шинийн өмнө танай намын хоёр хүнийг АТГ-аас баривчлан саатуулсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Тэр бол цэвэр улс төрийн зорилготой баривчилгаа. Баримтуудаа шалга л даа. Ардчилсан нам Чингис бондоор юу хийснээ бүгдийг нь гаргаад өгчихсөн шүү дээ.

Намайг УИХ даргаар ажиллаж байхад байж байгаад л хуруу зузаан номнууд ирдэг байсан. Тэр номнуудыг Ардын намын хуучин гишүүд бүгдээрээ л мэднэ. Улирал болгон бондын мөнгөний зарцуулалтын талаарх тайланг гишүүдэд тараадаг байсан юм. МАН-ыхан бондын мөнгийг юунд зарцуулсан юм бэ гээд улс төржөөд байх юм. Ядаж вэб сайт руу нь ороод хар л даа. Бондын мөнгөөр юу хийсэн нь байж байгаа шүү дээ.

Хэдхэн дэд сайдын төлөө иргэдийн халаас руу гараа дүрж болохгүй

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж долоон төрлийн татвар нэмэх нь зөв үү?

-ОУВС-гийнхан биднийг засаг барьж байхад ч ирж уулздаг байсан. Валютын санг МАН-ынхан буруу ойлгуулаад байгаа юм. Б.Чойжилсүрэн валютын сангийнхан долоон төрлийн татварыг нэм гэсэн гэж яриад байна лээ. Тэд нар тэгдэггүй улсууд. Ирээд ярина. Танай улсын зарлага чинь их, орлого чинь бага байна. Дэд сайдуудаа цомхотгочихвол яасан юм бэ. АН-ын үед дэд сайдуудгүй болоод байсан шүү дээ гэхээр нөгөө Чойжоо  урдаас нь “дэд сайдыг цомхотгохгүй ээ, үүний оронд энэ 7 татварыг нэмье” гэсэн байх. Өөрсдөө долоон төрлийн татвараа нэмнэ гэж хэлчихээд ОУВС-г буруу сурталчилж болохгүй л дээ.

-ОУВС-гийн хөтөлбөр Монголд тусалж чадах болов уу?

-ОУВС-гийн жороор яваад хөгжилд хүрсэн улсууд цөөхөн байдаг юм. Дэлхийн улс орнуудын санхүү хүндэрсэн үед туслалцаа үүзүүлдэг байгууллага. Туслалцааныхаа оронд барууны сонгодог неолиберализмын онолыг тулгадаг. Тэр онол өнөөдөр явцгүй болсон. Нэг жор дэлхийн бүх улсуудад таарахгүй байна л даа. Тиймээс нөхцөлүүдээ илүү уян хатан болгодог тал руугаа явж байгаа. Ардчилсан нам ОУВС, Дэлхийн банк хоёртой хамтран ажилладаг байсан. Гэхдээ бид өөрийнхөө үндэсний эрх ашгаа нэгд тавьж ирсэн. ОУВС-тай зөв замаар хамтран ажиллах хэрэгтэй. Төсвийнхөө зардлыг бууруулах хэрэгтэй. Манай төсвийн зардал арван жилд 10 дахин өссөн шүү дээ. Монгол Улсын ДНБ арав дахин өссөн. Төсвийн зарлага түүнээс илүү хурдтайгаар өсчихөөд байгаа юм. Төсвийн зардлаа бууруулахаа бодно уу гэхээс татвар нэмж ард түмний нуруун дээрх ачааг нь хүндрүүлж болохгүй.

-Танай намын хэрэгжүүлсэн ажлуудыг Ардын нам гарч ирээд бүгдийг зогсоосон.Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-“Сайн хашаа”, “Сайн малчин”, “Сайн оюутан” гээд сайн хөтөлбөрүүд бүгд цаанаа утга учиртай байсан. Малчны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах чадвартай, мал нь эрүүл болсны урамшуулал болох байсан. Уг нь манай намын бодлогыг МАН үргэлжлүүлсэн бол таван жилийн дараа Монголын мал эрүүл болох байсан. Малчин бага хүүтэй зээл авч байгаа учраас малаа эрүүл болгоход анхаарах байсан. Одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ яаж экспортод гаргах юм бүү мэд. Бүх юм буцаад анхныхаа байрандаа очлоо.

Хэрвээ “Сайн хашаа” хэрэгжсэн бол Улаанбаатар гурван жилийн дараа утаагүй болох байлаа. Өнгөрсөн арван жил утаагүй зуух тараагаад, цахилгааны үнийг хямдруулаад, 500 тэрбум төгрөг зарцуулаад үр дүнд хүрсэнгүй.

“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэж байгаа дулаанаа алдахгүй байхаар нэг арга бодож олсон. Хашааныхаа газрыг барьцаанд тавиад банкнаас 15 сая төгрөг зээлээд Монголынхоо үндэсний компаниас дулаалгын материал ав. Гэр, байшингаа дулаал. Гэр байшингаа дулаалчихаар түлдэг нүүрсний хэмжээ буурах нь ойлгомжтой. Бас нэмээд цэвэр бохир усны төвлөрсөн бус хангамжтай болоход энэ зээл хүрэхээр байсан. Эдгээр 2 ажлыг ном журмаар нь хийсэн тохиолдолд 7.5 саяыг буцааж өгье гэсэн. Үүнийг бас л зогсоосон. Зөв бодлогыг үргэлжүүлээд явбал олон асуудлыг шийдэж болно л доо. Энэ бүхнийг зогсоочихоор аав, ээжүүд ахиад гудамжинд гарч жагсахад хүрнэ. Өнгөрсөн өвөл бол арай л дэндүү утаатай байлаа.

-Эдийн засгаа тэлэх, далд эдийн засгийг халах үүднээс Ардчилсан намын үед НӨАТ-ын буцаан олголтыг хуульчилж өгсөн. Эдийн засгийн өршөөл үзүүлсэн. Харин одоо ингээд татвар нэмбэл дахиад далд эдийн засаг цэцэглэх юм биш биз гэсэн болгоомжлол байна?

-НӨАТ-ын хоёр хувийг иргэддээ буцаан өгнө гэдэгт хүмүүс итгээгүй юм байна лээ. Буцаан олголтын мөнгө дансанд ороод ирэнгүүт амаа барьсан. Өмнө нь цалингаас 40 хувийн татвар авдаг байхад иргэд орлогоо нуудаг байлаа. Харин 10 хувийн татвар авдаг болсноор цалин, хөлс орлогоо шударгаар гаргаж тавьдаг болсон. МАН-ынхан баячуудаас татвар авах ёстой гээд байна. Угаасаа бүх хүнээс 10 хувийн татвар авахад ч өндөр цалинтай нь өндөр татвар төлж байгаа шүү дээ. Одоо өндөр цалинтай хүмүүсээс 25 хувийн татвар авахаар байгаа. Дээр нь нийгмийн даатгалын шимтгэл өснө. Далд эдийн засгийг өөгшүүлдэг арга руугаа буцаад орчихлоо л доо. Дэд сайд тэр олон зөвлөх туслахуудаа халаад, төрийн компаниудын захирлуудын тансаглалыг танаад явахад л төсвийн алдагдал багасна шүү дээ.

-Төр өөртөө хэмнэлт, таналт хийгээч ээ гэж үү?

-Хамгийн гол нь Ардын нам өөрсдийнхөө тансаглалыг танахыг хүсэхгүй байна. “Би үхэхээр чи үх” гэгчээр ард түмнийхээ нуруун дээр ачаа үүрүүлж байна. Хэдхэн дэд сайдын төлөө иргэдийн халаас руу гараа дүрж болохгүй л дээ. Тэр зөвлөхүүд нь тоймоо алдсан байна лээ. Би УИХ дарга байхдаа гурван зөвлөхтэй ажилладаг, нэг орон тоо нь хоосон байсан юм. Одоо зургаан зөвлөхтэй ажилладаг гэсэн. Агентлагийн дарга, дэд сайд, сайдын зөвлөх, төрийн өмчит компаниудын захирал гээд бүгд төсвөөс машин тэрэг унана. Ийм юмнаасаа таналтаа эхлээч. Бүтцээ танаач. Юун татвар нэмэх вэ, зардлаа хасаад л болно шүү дээ.

Ард түмний өмчийг би яагаад Оджаргалд үнэгүй өгөх ёстой юм бэ?

-Эдийн засагт хүлээлт үүсгэсэн хэд хэдэн том төслүүд байгаа. Нэг нь Гацуурт. Танай парламентын үед Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоод өгчихсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл төсөл хөдлөөгүй л байна?

-Яагаад бүх шийдвэр нь гарсан төслийг ажил болгохгүй байгааг Ардын намынхнаас асуух хэрэгтэй. Гацуурт ойлгомжтой төсөл. Хууль бус нинжа ухах уу, хууль ёсны компаниар ухуулах уу гэсэн сонголт байсан. УИХ-аар хориглуулж байгаад Канадын компанийг хөөж явуулаад нинжа нар улсад татвар төлөлгүй хууль бусаар олборлож гадаадад гаргах байсан. Нөгөө канадууд нь арбитрт очиж 100 сая доллар улсаас нэхээд авч магадгүй. Тэнд алт байгааг бүгд мэднэ. Ямар гүнд байгааг нь ч сайн мэднэ. Тиймээс нинжа нараар биш хуулийн дагуу хууль ёсны компаниар ухуулахыг манай парламент шийдэж өгсөн юм. Тэнд байгаа 50 тонн алтыг 100 хувь Монголбанкинд худалдах нөхцөлтэйгээр Их хурал дэмжсэн.

Харин та Тавантолгойг хөдлөх бүрт эсэргүүцдэг. Гэрээг үзэглэхийн даваан дээр гэнэт гарч ирээд улстөрждөг. Яагаад вэ?

-Тавантолгой, Гацуурт бол хоёр өөр онцлогтой ордууд. Тавантолгой Монголын гурван сая хүнд хуваагаад өгсөн, үлдсэн нь төрийн өмчит компанийн эзэмшлийн орд. Гацууртын хувьд алтны лиценз л байгаа юм. Тэнд компани байхгүй. Тэгэхээр гурван сая хүний өмчийг “Эм Си Эс” үнэгүй авъя гэхээр УИХ май гээд өгч болохгүй биз дээ. Одоо ч гэсэн үнэгүй авах санаархал нь явж л байгаа юм билээ. Ард түмний компанийг авах гэж байгаа бол мөнгийг нь өгөөд ав. Үнэгүй юм энэ дэлхий дээр байхгүй. Хорин жилийн дараах таван доллараар наймаа хийхгүй, энэ чинь үнэ цэнэтэй орд, ард түмний өмч гэж УИХ-ын даргын хувиар би асуудалд хандсан.

-Та ард түмний өмч гээд Тавантолгойг хайрлаад харамлаад байдаг. Гэтэл өнөөдөр дэлхийн улс орнууд нүүрсний хэрэглээнээсээ татгалзаж эхэллээ. Харамлаж байгаад монголчууд нүүрсээ үнс болгочих юм биш биз?

-Баабар нүүрс үнс боллоо гээд хүмүүсийн толгой эргүүлээд худлаа бичээд байгаа юм. Нүүрсийг чинь анх Хубилай хааны үеэс Бээжингийн ойролцоо олборлож эхэлсэн шүү дээ. Түүнээс хойш нүүрсний хэрэглээ одоо хүртэл байж л байна. Тавантолгойн нүүрс бол эрчим хүчний хүрэн нүүрс биш ган үйлдвэрлэдэг дээд зэргийн нүүрс. Тэгээд хамгийн хямдхан зардлаар олборлож болдог, далд биш ил уурхай учраас ач холбогдолтой байгаа юм. Ган үйлдвэрлэхэд коксжих нүүрснээс өөрөөр хямдхан түүхий эдийг хүн төрөлхтөн бодож олоогүй байгаа цагт Тавантолгойн нүүрс үнс болохгүй ээ.

-Гэхдээ баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй биз дээ. Газрын доороо асар их баялагтай мөртлөө ОУВС-гаас гуйлга гуйгаад суух нь ичгэвтэр биш гэж үү. Авъя гэсэн компанид нь өгөөд татвараа аваад явбал эдийн засагт ч ашигтай юм биш үү?

-Үндсэн хуулийн 6.1-д “байгалийн баялаг бол ард түмний өмч гээд биччихсэн байгаа. Яагаад гэвэл Тавантолгойн нүүрсийг байгаль өөрөө бүтээсэн юм. “Эм Си Эс” ч юм уу, Ж.Оджаргал бүтээгээгүй. Ж.Оджаргал сандал үйлдвэрлэж болно. Ширээ хийж болно. Кола үйлдвэрлэж болно. Түүнийгээ дуртай үнээрээ зарах эрхтэй. Түүнтэй хэн ч маргахгүй. Тавантолгойн нүүрсийг тэр бүтээгээгүй болохоор ард түмний өмчийг би яагаад Оджаргалд үнэгүй өгөх ёстой юм бэ. Дээр нь миний 1072 ширхэг хувьцаа байж байна. Надтай адилхан хувьцаа эзэмшигч хоёр сая хүний өмчийг УИХ хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм бэ. Оджаргалтай хуйвалдаад, Ч.Сайханбилэг өөрийнхөө мэдэж болохгүй ард түмний өмчийг найздаа үнэгүй өгч болохгүй.

-Танд “Эм Си ЭС”-тэй ч юм уу, Ж.Оджаргалтай харшлах ямар нэгэн шалтгаан байна уу?

-“Эм Си Эс ч байна уу ,“Ам Си Эс” ч байна уу юу ч байж болно. Ж.Оджаргал бид хоёр мэнд устай л явдаг. Асуудал нь компанидаа ч биш, Оджаргалдаа ч биш. Ард түмний өмчийг үнэгүй авах гэсэн бүх компанид би үгүй гэж хэлнэ. Тэр хэний, ямар компани байх нь хамаагүй.

Тавантолгой бол стратегийн орд. Коксжих нүүрс бол стратегийн бараа. Монгол цаашдаа хөгжье, гангийн үйлдвэртэй болъё гэж байгаа бол цорын ганц коксжих нүүрсний дэлхийн хэмжээний ордоо 20 жилээр нь Хятадын компанид өгчихөөд, өөрсдөө дараа нь гангийн үйлдвэртэй болохоороо яах юм бэ. Гуйж авах уу, дэлхийн зах зээлийн үнээр буцаагаад нүүрсээ худалдаж авах уу. Улс орны хөгжлийн ирээдүй үргэлж өнөөдрийнхөөрөө байхгүй. “Эм Си Эс”-т өгөөгүй биш Тавантолгойнхоо нэгийг өгчихсөн. Ухаахудаг гэдэг толгойг нь өгсөн. Өөрсдөө худаг нэртэй толгойг аваад буруудчихсан болохоос. Ухаахудагийн нүүрсийг гүн рүү ухаж авдаг. Гол баялаг нь доор нь байдаг. Олборлолтын зардал ихтэй. Өөрсдөө геологич биш болохоор буруу ордоо авчихсан байхгүй юу. Тухайн үед худаг нэртэйгээс өөр орд авахгүй яасан юм.

-Мэргэжлийн Засгийн газар Тавантолгойг 2018 онд хөдөлгөнө гэсэн. Уг нь Засгийн газрын төвшинд гурван хувилбар яригдаж байгаа юм билээ?

-Шинэ хувилбар гээд байгаа нь нөгөө л хуучин нөхцөл юм билээ. Юу ч өөрчлөгдөөгүй байсан. Ц.Дашдоржид хуучин хувилбараар Тавантолгойг явуулах сонирхол байсан. Би тэгээд нөгөө болохгүй гэрээ чинь байна. Тавантолгойн талаарх УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг  олж, унш судал гэсэн юм.

-Тавантолгойг гацаагаад байгаа гол асуудал нь Гашуунсухайтын төмөр зам юм биш үү?

-Бид цорын ганц төмөр замын тухай яриад байх юм. Гэтэл Тавантолгой хэзээ үнэ цэнэтэй болох вэ гэхээр Сайншанд руу 400 км, урагшаа 267 км төмөр замыг хоёуланг нь зэрэг тавьж байж л үнэд орох юм шүү дээ.

-Яагаад?

-Яагаад гэдгийг би чамд тайлбарлая. Дэлхий дээр 800 сая ган жил болгон хайлж байна. Үүний 400 сая тонныг буюу 50 хувийг Хятад улс дангаараа гаргаж байгаа. Төмрийн хүдрээ Австралиас авна. Үүнийг коксжих нүүрстэй шууд шатаадаг юм. Гэтэл манай хилтэй залгаад “Шинхуа”-гийн төмөр зам байдаг. “Шинхуа” нүүрсний тээвэрлэлт дээр монголчуудыг үнээр хавчих боломжтой. Төмөр замын тарифаа өсгөчихөөр манай нүүрс ган үйлдвэрлэгчдэд ямар үнээр очихыг “Шинхуа” шийднэ гэсэн үг. Тиймээс Сайншанд руу төмөр зам тавиад нүүрсээ Хангимандалын боомтоор гаргаж болно. Хангимандалын боомтоор Хятадын төрийн төмөр замаар нүүрсээ зөөнө гэсэн үг л дээ. Хоёр улсын Засгийн газрын гэрээгээр үнээ тогтоочихвол гангийн үйлдвэрлэл рүү монополь эрхгүй төмөр замаар нүүрсээ хүргэх нь бидэнд ашигтай.

-Нүүрсний үнэ сэргэж байгаа. Тавантолгойн нүүрсийг 71.5 ам доллар болголоо гэж Ардын намынхан ярьж байгаа?

-Дэлхийн зах зээлд 300 доллар байгаа нүүрсээ 70 доллараар өгчихөөд баярлаад сууж байна. Яагаад гэвэл монополь эрхтэй төмөр замаар зөөж байгаа болохоор тэр.

-Төмөр зам түмэн цэргээр бариулна гэж та УИХ даргаар ажиллаж байхдаа хэлж байсан. Хувийн компаниуд төмөр зам бариад өгье гээд байхад төр өөрөө түмэн цэргээр бариулна гэж эсэргүүцээд байгаа шалтгаан чинь юу вэ?

-Хэрвээ Монголын цэрэг барихгүй бол Хятадын цэрэг барина гэсэн үг. Солонгос кино үзсээр байгаад турьгүй болсон одоогийн хүүхдүүд төмөр зам барьж чадахгүй. Сахилга баттай хүмүүсийн барьдаг ажил. Жилийн зөвхөн хагаст нь бүтээн байгуулалт явагдана. Монгол Улс 3000 км төмөр зам барина гэж байгаа бол цэргүүдээр бариулахаас өөр аргагүй. Манай цорын ганц төмөр замыг Оросын 505 дугаар арми барьсан юм шүү дээ. Дараагийн төмөр замыг монгол цэрэг барихгүй бол хятад цэрэг барина. Хятадаар төмөр замаа бариулмааргүй байна. Төмөр зам барих цалин, хөлс зардал нь Монголдоо үлдэг гэсэн юм.

-Гадны банк оруулж ирнэ гэдгээ Монголбанкны ерөнхийлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ. Энэ зөв үү?

-Монгол Улс бол харьцуулж болохгүй онцлогтой улс. Хоёр том хөрштэй, хамгийн цөөхөн хүнтэй. Иргэдийн хуримтлал бага, санхүүгийн зах зээлийн чадавх муу. Гадны банк орж ирэхэд нэг аюултай. Хамаг үнэтэй, цайтай бүхнээ барьцаанд алдаж магадгүй. Баахан гадаадынханд ажилладаг хөлсний ажилчид болбол яана. Монгол хүн өөрөө компанийн эзэн, үл хөдлөх хөрөнгийн эзэн болж чадахгүй болно гэсэн үг. Ардчилсан намыг засаг барьж байхад малчны зээлийн хүүг бууруулж болж байсан. Урт хугацаатай, хямд хүүтэй орон сууцны зээл олгож болж байсан. Дотоодынхоо банк санхүүг хөгжүүл л дээ. Гэхдээ Монголын банкуудыг өрсөлдөөнөөс хайцаалах нь бас өөгшүүлсэн хэрэг болчихоод байгаа юм. Тэгэхээр Монголын банкууд ч бас хүүгээ бууруулах хэрэгтэй. Гадны банк орж ирлээ гэхэд мэдээж Оросын банк орж ирэхгүй. Хятадын банк л орж ирнэ шүү дээ.

-Та Долдугаар их хурлынхаа үеэр Ардчилсан нам олигархиудаасаа саллаа гэж мэдэгдсэн. Яг хэнийг хэлсэн юм бэ?

-Манайд ч, МАН-д ч маш олон олигархи байгаа шүү дээ.

-Ерөнхийлөгчийн сонгууль гээд том улс төр хэдийнэ эхэлж. Таны хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ аль дээр зарласан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой горилогч танай намд ч МАН-д ч цөөнгүй байна. Та намаасаа хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг дэмжих вэ?

-Ардын намтай яс үзээд гарах хүнийг Ардчилсан нам олох ёстой. Дотоод сонгуулиараа шийднэ гэсэн үг. Зөв хүн олж нэр дэвшүүлэхгүй бол Ардчилсан нам ялагдана. Хэдхэн дарга шийдээд хүн дэвшүүлэхээс илүү нийт Ардчилсан намын гишүүд нэр дэвшигчээ тодруулбал сонгуулиар сонгосон хүнийхээ төлөө очиж ажиллана гэсэн үг.

-Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээр ард түмний саналыг давхар авахаар яригдаж байгаа юм билээ. Ер нь Үндсэн хуулийг МАН-ынхан өөрчилж чадах болов уу?

-Үндсэн хууль бараг өөрчлөгдөхгүй байх аа. Уг нь өөрчилбөл сайн. Гэхдээ дэд сайдаа цомхотгож чадахгүй байгаа хүмүүс яаж Үндсэн хуулийг өөрчлөх вэ дээ.

-Та УИХ-ын сонгуульд Ардчилсан намын удирдаж ороод ялагдал хүлээсэн. Одоо эргээд бодоход ялагдлын шалтгаан чинь юу байсан бэ?

-Би хэлсэн шүү дээ. Сая доллартайгаа оффшорт мартталаа баяжсан Баярцогтоос болж ялагдсан гэж.. Бас эв нэгдэлгүйгээсээ ч болж ялагдсан. Царцааны асуудал, мөнгө тараасан гээд олон зүйл байгаа. Яг ийм шалтгаан олон байгаа. Одоо ингээд ярилцлагаа дуусгах уу. Надтай уулзах дараагийн хүн маань ирчихлээ.

Ярилцсан Ж.Нямсүрэн

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …