Ард түмний онц түр зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт хандан тулган шаардах бичгийг илгээсэн байна.
Түүнд УИХ-ын ээлжит бус онцгой чуулганыг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр зарлан хуралдуулж, оффшор данстай хамааралтай улстөрчдийн асуудлыг нээлттэй хэлэлцэх, хариуцлага тооцох зэрэг асуудлыг хөндсөн аж.
Хариуг гуравдугаар сарын 15-ний дотор багтаан өгөхийг шаарджээ. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд шаардлагын хариуг өгөөгүй аж.
Энэ тухай тус түр зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун “УИХ болон Ерөнхийлөгчид өгсөн тулган шаардах бичгийн хугацаа дуусч байгаа. Эрх баригчид бидний тулган шаардах бичигт хариу өгөхгүй болох нь тодорхой болж буй учраас тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Суулт, жагсаал, өлсгөлөн тэр бүгдийг хийнэ. Буруу тогтолцоог нураахын төлөө тэмцэх болно. Тайван жагсаалыг гуравдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна” гэлээ.
Шаардлагад
1. УИХ-ын ээлжит бус, онцгой чуулганыг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр зарлан хуралдуулж, оффшор данстай хамааралтай улстөрчдийн асуудлыг нээлттэй хэлэлцэх,
2. Оффшор данстай хамааралтай улс төрчдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг нэн даруй байгуулах,
3. Хөрөнгө орлогын мэдүүлгээ хуурамчаар бүрдүүлж, оффшор дансан дахь хөрөнгө мөнгөө нуусан гишүүдэд хариуцлага тооцож, хууль бус хөрөнгө орлогыг нь эх орондоо эргүүлэн татаж авчрах,
4. УИХ-ын гишүүн, төрийн дээд албан тушаал хашиж байсан буюу одоо хашиж байгаа оффшор данстай хамааралтай улстөрчид:
1. УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан С.Баярцогт
2. УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр
3. УИХ-ын гишүүн, УИХ-ын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд
4. УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар
5. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
6. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
7. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир
8. Байгаль орчны сайд асан У.Барсболд
9. Сангийн сайд асан Я.Очирсүх
10. Нийслэл хотын дарга, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл
11. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Ц.Сандуй
12. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг гэх мэт нийтэд зарлагдсан нэр бүхий этгээдүүдийн асуудлыг УИХ-ын онцгой чуулганаар олон нийтэд нээлттэй хэлэлцэхийг шаардсан байна.