Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Монгол хүн” хүмүүжлийн аяны анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Зөвлөгөөнд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга аяныг санаачлагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон нийслэлийн боловсролын байгууллагуудын удирдлага, ажилтнууд оролцлоо.
Уг зөвлөгөөнөөр “Монгол хүүхэд”, “Монгол хүн”-ийг бий болгох, хүмүүжлийн асуудлыг түлхүү хөндөн ярилцсан юм. Тус аянд төрийн болон хувийн өмчийн 623 цэцэрлэг, ерөнхий боловсролын 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах бөгөөд 2020 он хүртэл 4 жилийн хугацаанд үргэлжлэх аж.
“Монгол хүн” хүмүүжлийн аяны зорилго нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэдийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
Зөвлөгөөний нээлтийн үеэр тус аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн болох багаасаа” гэсэн цогц хөтөлбөрийг тусгасан. Энэ ажлын эхлэл нь энэхүү аян юм. Монгол хүнээ бэлтгэх аяныг маань болон боловсролын салбарынхны ажлыг дэмжиж, бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр хүрэлцэн ирсэн хүмүүстээ баярлалаа.” гэв. Тэрбээр мөн “Улс орны хамгийн эрхэм үнэт зүйл бол маргаашийн ирээдүйгээ бэлтгэх явдал юм. Монголчууд бид “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэж ярьдаг. Тиймээс Монгол хүнээ багаас нь бэлтгэе. Бид нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр орчин үеийн Монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Энэхүү аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.“ гэлээ.
Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд эрдэм мэдлэг олж авахын зэрэгцээ зөв хүн, Монгол хүн болон төлөвших нь хамгийн чухал гэдгийг салбарын сайд онцлон хэллээ. Тиймээс НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан уг аян чухал ач холбогдолтой гэдгийг Ж.Батсуурь сайд хэлж байсан юм.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлэхдээ “Боловсролын зорилго бол бичиг үсэг суралцаж, шинжлэх ухааны мэдлэг олгоод зогсохгүй, ирээдүй хойч үеээ хариуцлагатай амьдрах арга ухаанд сургаж, ёс суртахууны эрхэм чанаруудыг эзэмшсэн хүн болгон төлөшүүлэхэд чиглэгдэх ёстой. Тиймээс боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлыг боловсролын байгууллага бүрийн эн тэргүүний зорилт болгон анхааралдаа авах шаардлагатай. Тиймээс бид хүүхэд багачуудад түүх, хэл соёл, өв уламжлал, зан заншил, үндэсний ухамсар, эх оронч сэтгэлгээг суулгах, бүтээлч хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн “Монгол хүн” аяныг хэрэгжүүлж байна.” хэмээлээ. Аяны үр дүнг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дүгнэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.