Гаалийн Ерөнхий газар /ГЕГ/-ын дарга асан Х.Баатар буюу Гаалийн Баатар хэмээх авлигын хэргээр нэлээд зард гарсан нэгэн нөхөрт МАН-ынхан өрөө төлж, түүнийг Хөдөө аж ахуйн биржийн даргаар томиллоо. Х.Баатарыг ГЕГ-ын түүхэн дэх хамгийн авлигачин дарга байсныг одоо ч салбарынхан нь мэр сэр ярьдаг. Тиймдээ ч Гаалийн Баатар хэмээн алдаршсан болов уу. Түүнийг улсад 4 тэрбум 376 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр 2006 онд шийтгэж, 8 жилийн хорих ял оноосон байдаг. Ингэж Гаалийн Баатар шинэ цагийн Монгол Улсад авлигын хэргээр ял авсан анхны хүн болсон юм.
Гэсэн ч тэрбээр хорих ялаасаа гурван жил гаруйг нь л эдлээд 2008 онд суллагдсан юм. Энэ хугацаанд хорих ангид дэндүү тансаглаж, хорих ангид бус эмнэлэгт ялын хугацаагаа өнгөрүүлж байна гэх мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр 2008 онд Х.Баатар улстөрчдийн дэмжлэгээр ял завшиж хорих ангиас суллагдаж байв. Магадгүй Х.Баатар ГЕГ-ын даргаар ажиллаж байхдаа улстөрчид, ялангуяа МАН-ын нөлөө бүхий хэдэн хүний гол санхүүжүүлэгчээр ажиллаж, тэдэнд авсан авлигаасаа томоохон хэмжээний хувь хүртээдэг байсан нь ийнхүү түүнийг хугацаанаасаа өмнө суллагдах тус дэм болсон болов уу.
Нөгөө талаас ерөөсөө Х.Баатар бол МАН-ын өмнөөс авлига авч байсан хүн, тэр улстөрчдийн золиос боллоо гэх мэдээллийг ойр тойрныхон нь өгч байв. Гэхдээ Гаалийн Баатар хэргээ ганцаараа үүрээд гарсан юм. Уг нь түүний хэрэгт нэлээд нэртэй цуутай цөөнгүй хэдэн улстөрч нэр холбогдож байсан ч тэрбээр хэргээ ганцаараа үүрч, өдгөө түүнд МАН-ынхан өрөө төлж байна. Түүний даргаар нь томилогдож буй Хөдөө аж ахуйн бирж нь 37 хүний бүрэлдэхүүнтэй, дарга нь сарын 10 сая төгрөгийн цалинтай албан тушаал бөгөөд юу хийж байгаа нь харагддаггүй тийм нэгэн байгууллага байдаг юм. Зарим нэг байгууллагатай ч нэгтгэж болохоор Хөдөө аж ахуйн бирж хэмээх энэхүү Монгол Улсад үр ашиг уг байгууллагыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай нэгтгэж, бараг нэг хэлтэс нь ч болгож болохоор. Ухаандаа, МАН-ынхан Хөдөө аж ахуйн биржийн дарга хэмээх цалин хангамж өндөртэй, хийх ажил багатай энэхүү албан тушаалд тэтгэврийн хөгшнийг томилж, эрх ямба эдлүүлэхээр болов. Х.Баатар нэгэнтээ “МАН-ыг би санхүүжүүлдэг байсан. Би л МАН-д мөнгө олж өгдөг байсан” хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Тиймдээ ч МАН Гаалийн Баатарын хэрэг мартагдаж, “цаг сайхан” болонгуут түүнд өрөө төлж, Х.Баатарт ханатлаа хүн чанаргүйгээрээ дуудуулсныхаа хариуд хүн чанартай загнаж байгаа бололтой. Хамгийн гол нь, авлигын хэргээр ял шийтгүүлж байсан хүнийг төрийн өндөр албан тушаалд дахин томилж, авлигачдын толгойг илж байгаа нь нийгэмд маш буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Дээрээс нь тэтгэвэрт гарах нас нь болчихсон Х.Баатараар л заавал удирдуулж, энэ ажлыг хийчих хангалттай сайн чадвартай залуусаа дарж, нам дагасан авлигач л болохгүй бол ахиж дэвших боломжгүй гэдгийг шинэ залуу үедээ үзүүлээд байна.
Төгс