АНУ-ын Нутаг Дэвсгэрийн Аюулгүй Байдлын Яам өнгөрөгч 21-ний өдөр мэдэгдэл гаргаж, террористуудаас сэргийлэх зорилгоор Ойрхи Дорнод, Африкийн найман орны 10 нисэх онгоцны буудлаас шууд нислэгээр Америк ороход гар утаснаас том цахим аппаратыг биедээ авч явахыг хориглов. Мөн дээрх хоригийг мэдэгдэл зарласан өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдэв.
АНУ-ын Нутаг Дэвсгэрийн Аюулгүй Байдлын Яам мэдэгдэлдээ сүүлийн жилүүдэд террорист байгууллагууд иргэний зорчигч тээврийн нисэх онгоц руу дайрах нь олширч байгаа бөгөөд энгийн хэрэглээний төрөл бүрийн цахим хэрэгсэлд тэсрэх төхөөрөмж угсрах зэрэг дайралтын шинэ арга барил хэрэглэдэг болж байна хэмээх тагнуулын мэдээнд үндэслэн дээрх хоригийг хэрэгжүүлэхээр болсноо дурдаж, АНУ аюулгүй байдлаа сахих зорилгоор энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүллээ гэсэн байна.
Тэгвэл нэр дурдсан найман оронд Иордан, Турк, Саудын Араб, Кувейт, Египет, Катар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Марокко Улс багтаж байгаа бөгөөд эдгээр найман улсын 10 нисэх онгоцны буудлаас шууд нислэгээр Америк орох зорчигчид энгийн гар утаснаас том хэмжээтэй төрөл бүрийн компьютер, цахим ном, зургийн аппарат, DVD, тоглоомын цахим хэрэгсэл, хэвлэх олшруулах зэрэг бүх төрлийн цахим аппаратыг биедээ авч явж болохгүй, харин ачаандаа хийж тээвэрлүүлж болох аж. Дашрамд дурдахад, АНУ-ыг ийм шийдвэр гаргасны дараа Их Британи Улс мөн ийм шийдвэр гаргасан байна.