С.Зоригийн захиалагчийг төр хамгаалдаг уу

Тэртээ 19 жилийн өмнө төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг одоо л нэг юм шийдэгдэж, гүйцэтгэгчид нь эхнээсээ хэргээ хүлээлээ. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн нь нотлох баримтуудаар тогтоогдоод буй Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэхүү хүн амины хэргийг захиалгаар үйлдсэнээ хүлээсэн бөгөөд хууль хяналтын байгууллагынхан захиалагчийг нь тогтоосон нь гарцаагүй. Гэвч С.Зоригийн захиалагчийг Монголын төр хамгаалж, “улсын нууц” хэмээх нэрийн дор түүнийг олон нийтэд зарлахаас цааргалж байна. Тэгвэл С.Зоригийн захиалагч хэн бэ.

Олон нийт С.Зоригийн захиалагчаар олон хүнийг тодруулж, дотроо зурагладаг ч нэг хэсэг С.Зоригийн хэргийн захиалагчийг УИХ-ын гишүүн О.Содбилэгийн аав, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал агсан, талийгаач Ш.Отгонбилэг хэмээх мэдээлэл нэлээдгүй явсан. Магадгүй С.Зоригийг хөнөөсөн хүмүүс Эрдэнэт хотод амьдардаг, талийгаач Ш.Отгонбилэгийн малчин, тогоочоор ажилладаг байсан гэх мэдээллээс иймэрхүү дүр зураг гарсан байж болох юм. Мөн 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох нь нэгэнт тодорхой болчихсон байсан С.Зориг тухайн үед “Эрдэнэт”-ийн асуудалд нэлээд анхаарал хандуулж, Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагыг солихоор санаа шулуудсан байсан нь ийнхүү түүний үхэлд талийгаач Ш.Отгонбилэгийг холбоотой гэж үзэх үндэслэл болсон байж болох. Гэхдээ С.Зоригийн захиалагчийг одоог хүртэл амьд сэрүүн, дээрээс нь эрх мэдэлтэй нэгэн гэдэгт олон нийт огт эргэлздэггүй. Учир нь, С.Зориг амиа алдсанаас ердөө гурван жилийн дараа буюу 2001 онд Ш.Отгонбилэг нас барсан. Тэгтэл 2001 оноос хойш С.Зоригийн хэрэгтэй холбоотой хүн амины хэргүүд гарсаар байсан. С.Зоригийн хэрэгтэй холбоотой хүн амины 20 орчим хэрэг гарсан байдаг бөгөөд түүнээс 10 гаруй нь олон нийтэд ил болсон байдаг. Тэгвэл тэдгээр 10 гаруй хүн амины хэргийн хохирогчдыг харахад ихэвчлэн С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан цагдаагийн алба хаагч нар байдаг юм. Мөн С.Зоригийн хэргийн чухал хоёр гэрч ч амь үрэгдсэн байдаг. Мэдээж С.Зоригийн хэргийг нуун далдлах үүднээс л тэдгээр хүмүүсийн амь насыг хөнөөсөн байж таараа. Нөгөө талаас С.Зоригийн амь насыг Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Отгонбаатар нарын дөрвөн хүн хөнөөж, энэ хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон байдаг бөгөөд Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа нар хийсэн хэргээ нуун далдлах зорилгоор Б.Отгонбаатарыг гэр бүлийнх нь хамт галдан шатааж хөнөөсөн нь илчлэгдсэн. Харин үлдсэн хүн амины хэргүүдийг хэн үйлдэв. Учир мэдэх хүмүүсийн яриагаар эдгээр хүн амины хэргүүдийг хууль хүчний байгууллагад ажилладаг “тусгай нууц хүмүүс” л үйлдсэн гэдэг. Мэргэжлийн өндөр түвшинд үйлдэгдсэн эдгээр хүн амины хэргийн хохирогчдыг маш хэрцгийгээр тамлан зовоосон байдаг бөгөөд үүгээрээ бусдад сануулга дохио болох гэсэн байж ч болох юм.

Ямартай ч, эдгээр хэргүүдийг захиалагч этгээд өөрөө үйлдээгүй, хууль хүчний байгууллагад ажилладаг өөрийн “гар, хөл”-өөрөө дамжуулан доор нь ажилладаг “тусгай нууц хүмүүс”-ээр С.Зоригийн хэргийн чухал “гэрч” нарыг нухуулсан гэх таамаг байдаг. Тэгэхээр энэ хүн л С.Зоригийн хэргийн захиалагч буюу анхны эзэн нь болж таарах гээд байна. Тэгээд ч амташсан хэрээ 13 дахисан байж болох. Нөгөө талаас хэрвээ С.Зоригийн хэргийн захиалагчаар талийгаач Ш.Отгонбилэг тодорвол, яг л “Хөрөө” кинон дээр гардаг шиг гэмт этгээд алагдсан ч түүний залгамжлагчид үйл хэргийг нь үргэлжлүүлсээр байдагтай агаар нэг болох гээд байна. Тэгвэл С.Зоригийн хэргийг нуун далдлахын тулд хууль хүчний байгууллага, улстөрийн хүрээнийхнийг ингэж хөдөлгөж, тэдэнд нөлөөлж чадсан гэж бодохоор тэрхүү захиалагч этгээд нэлээд эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй хүн байх нь тодорхой байна. Тиймээс тэр хүнийг улстөр, бизнесийн салбараас хайх нь зүйтэй ч юм шиг. Магадгүй улстөрч, бизнесмэн хүн байж болох юм. Харин энэ хүн Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Отгонбаатар нарын 16-24 насны дөрвөн залуусыг өөрийн эрх мэдэл, мөнгө төгрөгөөрөө татаж ар талыг нь даана гэсэн баталгаа өгч байж хүн амины хэрэг үйлдүүлсэн болов уу. Тиймдээ ч өдий хүртэл Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа, Т.Чимгээ нар эсэн мэнд, баригдахгүй аж төрж байсан нь лавтай. Эс бөгөөс цагдаагийн ахмадыг хүртэл шулуун гэдэс рүү нь тосон бал чихэж тамлан хөнөөж, айхаас буцахаа байсан нөхдүүдэд Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нухах шиг амархан юм байгаагүй биз. Мөн хилийн чанадаас хүртэл хэд хэдэн хүнийг олж авчирч байсан тэд хаяандаа байгаа “Эрдэнэт”-ээс Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг олохгүй байвал гэж. Ерөөсөө С.Зоригийн хэргээс хойш хууль хүчний байгууллагын зарим дарга удирдлага эрс баяжсан гэх мэдээлэл байдаг.

Дан ганц С.Зориг ч биш С.Зоригоос  хойш олон ч том зүтгэлтнүүд учир битүүлгээр амиа алдсан байдаг. Тэгээд ч С.Зоригийн хэргийн баримт, ул мөрийг устгах ажил хууль хүчний байгууллагын шатанд 4-5 удаа хийгдсэн гэдгийг албаны хүмүүс хүлээн зөвшөөрсөн байдаг. Ямартай ч, “яст мэлхийний хурд”-аар С.Зоригийн хэрэг урагшилж л байна. Гэсэн ч хэргийн хамгийн чухал хэсэг болох захиалагчийн асуудлыг огт хөндөхгүй байна. Магадгүй дээр дурдсанчлан нас барсан хүнд захиалагчийн асуудлыг тохоод өнгөрч болох л юм. Тохохоо хүрвэл заавал талийгаач Ш.Отгобилэг гэлгүйгээр өөр хэн нэгэн нас барсан хүнд тохож ч чадах байх. Гэхдээ хэргийн захиалагчийн үнэн мөнөөр тодруулж, олон нийтэд ил тодоор зарлана гэдэгт хүмүүс итгэж байна. Үүнд одоо болох гэж буй сонгууль ч бас нөлөөлж байна.

Учир нь, сонгуулийн бүрийн өмнө л С.Зоригийн хэргийг сөхөж, улстөрчид энэ хэргээр ард түмнээсээ оноо цуглуулдаг болохоор ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө С.Зоригийн хэргийн жинхэнэ захиалагч тодорно гэсэн найдлага байна. Тэгээд ч С.Зоригийн хэрэг дээр маш том ахиц гарсан нь Үндэсний олон нийтийн телевизээр гарсан мэдээллээс тодорхой харагдаж байна лээ. Ийм дайны мэдээллийг ард түмэндээ ил тодоор хүргэж байгаагаас үзэхэд Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийг хөнөөсөн нь хөдлөшгүй баримтуудаар тогтоогдсон гэсэн үг юм. Харин энэхүү хөдлөшгүй баримтуудын хамгийн чухал нь хэн тэдэнд захиалга өгсөн бэ гэсэн сэдэв юм. Товчхондоо, тэд захиалагчаа нэрлэж, тэр нь тодорхой болсон учраас л ингэж зоригтойгоор олон нийтэд Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь С.Зоригийг хөнөөсөн хүмүүс мөн юм гэж зарласан биз ээ.

Төгс

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …