Монгол Улсад анх удаа эдийн засаг, бизнесийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Business Simulation” тэмцээнийг Отгонтэнгэр Их Сургууль, Финляндын CESIM Business Simulation-тэй хамтран зохион байгуулж байна.
Өнгөрсөн 11-р сард Дубайд болсон олон улсын бизнес загварчлалын тэмцээнд амжилттай оролцож дэд байр эзэлсэн Отгонтэнгэр Их сургууль энэ удаа их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуучуудыг дэлхийн хэмжээнд бэлдэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Дубайн олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон МУИС, Мандах бүртгэл дээд сургуулийн оюутнууд ч энэ удаагийн тэмцээнд оролцож байна.
“Business Simulation” тэмцээнд “Гар утасны технологийн глобал зах зээлийн загварчилал”-ын модулиар Отгонтэнгэр Их сургууль, МУИС, ХААИС, Санхүү Эдийн Засгийн Их сургууль, Мандах Бүртгэл Дээд сургуулийн найман баг оролцож нэгдүгээр үеийн тоглолт эхэллээ. Тэмцээний хүрээнд АНУ, ЕВРОП, АЗИ-ийн гар утасны технологийн глобал зах зээлийг бүхэлд нь хамарсан цогц шийдвэр гаргаж тоглоно.
Тоглолтын турш өөрсдийн судалгаандаа үндэслэн шийдвэрээ гаргаж түүнийгээ онлайн програмын оновчлолоор тодорхойлон найман үеийн туршид Total Shareholder Return (TSR) хамгийн их байгаа баг ялагч болох юм.
Тэмцээн 04-р сарын 15-н хүртэл найман үе өрсөлдөж ялагчид тодорно.