Малайз болон Хойд Солонгосын засгийн газрууд Ким Чен Намын цогцостой холбоотой асуудлаар тохиролцоонд хүрчээ. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак өчигдөр орой мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Малайзад байгаа Хойд Солонгосын бүх иргэд эх орон руугаа явж болно. Ар гэрийнхнийх нь хүсэлтээр Ким Чен Намын цогцсыг Умард Солонгосын талд шилжүүлэн өгч байна” гэлээ. Ким Чен Нам бол Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах байсан юм. Энэ оны хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудал дээр байж байхдаа тэрбээр халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан билээ.
Энэ хэргийн улмаас Малайз болон Хойд Солонгосын хооронд томоохон дипломат сөргөлдөөн үүсч, Малайзын иргэдийг Хойд Солонгосоос, Хойд Солонгосыг иргэдийг Малайзаас гарч явахыг хоёр тал харилцан хориглоод байсан юм. Хойд Солонгост байсан Малайзын есөн иргэн өчигдөр орой тус улсаас гарч явжээ. Куала-Лумпурт байгаа Хойд Солонгосын иргэд Малайзаас гарч явж болно гэж Пхеньян мөн мэдэгдлээ. Малайзын Ерөнхий сайд Нажиб хэлэхдээ “Ким Чен Намыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилнэ” гэсэн байна.
Эх сурвалж: www.montsame.mn