Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ цаг үед оюутан залуучуудын нэгдсэн цугларалт болгож “G sounds production” -аас санаачлан энэ намрын хамгийн анхны 30.000 мянган залууст зориулсан “FREEDOM” шоу тоглолтыг өчигдөр 21:00-н цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа зохион байгуулна гэж байсан.
Харин оройн 21 цагт тоглолт үзэхээр тасалбараа барисан залуус яг цагтаа цугларч тоглолт эхлэхийг хүлээн байсан юм. Гэтэл шалтгаан нь мэдэгдэхгүйгээр тоглолт эхлэхгүй байсаар л байв. Цугласан залуус тоглолт эхлэхийг хүлээн тэвчээртэй нь аргагүй хүлээж байсан ч тоглолт цагтаа эхлэхгүй хоёр цаг болов. Хоёрын хоёр цаг гадаа талбайд даарсан үзэгчид тэсвэр алдан зохион байгуулагчдаас “тоглолт эхлэх үү” гэхэд “одоо удахгүй эхлэнэ” гэж хоёр цаг хүлээлгэчихээд 23:05 минутанд микрофонтой нөхөр гарч ирэн “уучлаарай өнөөдрийн тоглолт болохгүй боллоо. Учир нь өнөөдөр энд тэндгүй маш олон шоу тоглолтууд болж байгаа учир манай шоунд оролцох хамтлаг дуучид ирж чадахгүй боллоо. Та бүхэн 3 дугаар хаалган дээр очиж учраа олнуу… одоо ингээд тарцгаа” гэв. Хоёр цаг тэсвэр алдатлаа хүлээсэн үзэгчдийн зарим нь хүлээж залхсандаа гэрлүүгээ хариж байхад зарим нь уур бухимдалдаа дийлдэн зааварчилгаа өгсөн залуу руу уурлаж “мөнгөө авая” гэж хашгирч байлаа. Хамгийн хариуцлагагүй нь тоглолтыг зохион байгуулж буй G sounds production”-ны зохион байгуулагчдын нэг нь байхгүй байсан бөгөөд өнөөх залууд утсаар зааварчилгаа өгч байлаа. Хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг өнөөх залуугаас уурласан олон бүгдээрээ цаг зав мөнгийг нь үрсэнд бухимдлаа илэрхийлэн дайрч давшилж байв. Хоёр цаг хүлээсэн олны уурлах нь зөв ч ганцхан хүн рүү ингэж дайрах нь хүний олон нийлээд хүнээ барьж идэх гэж байгаа мэт аймшигтай байлаа. Харин тоглолтыг зохион байгуулагчид одоохондоо ямар аргаар үзэгчдийнхээ хохирлыг барагдуулахыг хэлсэнгүй. Өнөөх залуу асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бухимдсан олныг тайвшруулахыг оролдож байлаа. Ханилж яваад нөхрөө гэдэг шиг зохион байгуулагчид нь ганц хүнээр бамбай хийгээд өөрсдөө алга болж одов. Уг тоглолтонд ая дуугаа өргөхөөр ирсэн Дижитал хамтлагийн дуучин Эрка хүртэл тоглолт болох юм болов уу ? хэмээн гайхан явав. Тоглолтонд ая дуугаа өргөх дуучдаас ганцхан дуучин Эрка л ирсэн харагдаж байсан .
Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх тоглолт бүтэлгүйтсэн нь дараагийн зохион байгуулагдах тоглолтуудад нөлөөлж магадгүй юм. Одоогоор хохирсон үзэгчдийн хохирлыг хэн яаж хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байна. “FREEDOM” шоу тоглолт маш олон хүний урмийг хугалж, цаг мөнгийг нь үрлээ.
Хохирсон иргэд өөрсдийн санаа бодлыг сэтгэдэл дээр чөлөөтэй бичиж, лайк дараарай
Ugluu.mn