Дорнод аймгийн Халхгол сумын Загвар аж ахуйд хэрэглэгдэхгүй байгаа зарим трактор, техник төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйлдвэрлэлийн баазад татан төвлөрүүлж, хэрэгцээт газар нь хувиарлахаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийг Халхгол сумын загвар аж ахуйн нөхцөл байдалтай газар дээр танилцах үеэр гаргасан байна.
Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Солонгос улсын Койко байгууллагын буцалтгүй тусламжаар Дорнод аймгийн Халх гол суманд хөдөө аж ахуйн загвар аж ахуйг 2009 оноос эхлэн байгуулж өнгөрсөн жил хүлээлгэн өгчээ. Энэхүү Загвар аж ахуй махны чиглэлийн 100, сүүний чиглэлийн 25 үхрийн байртай, газар тариалан эрхлэх 150 га газар, усалгааны систем бүхий 750мкв-т газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой юм. Мах сүүний чиглэлээр үхрийн аж ахуйг энд эрхлэснээр Дорнод аймаг цаашлаад зүүн бүсийн үхрийн удам угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэх боломжтой юм. Мөн хүнсний ногоо тариалснаар орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангах, алслагдсан суманд ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэхүү загвар аж ахуйд өнөөгийн байдлаар 80 гаруй үхрийг маллаж байна.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Дорнод аймгийн Халх голын бүс нутагт Хүнс хөдөө аж ахуйн салбараас хийх олон ажлууд байна. Мал аж ахуйд бэлчээрийн талбайн ашиглалтын асуудал, хадлан тэжээлийн бэлтгэл ажлуудыг төлөвлөгөө, зохион байгуулалттай хийх нь чухал байна. Салбар яамнаас “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийн зураглалыг гаргаж дууссан. Энэ хүрээнд орон нутгийн аль бус нутагт ямар үйлдвэрийг байгуулах, зах зээл болон хилийн боомтуудаар экспортод гаргах боломжийн талаар судлаж орон нутаг ажиллаж байна. Халх голын энэ бүс нутагт газар тариалангийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх шаардлага байгаа. Мөн тэжээлийн үйлдвэр байгуулах, түүндээ түшиглэн мах сүүний эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх, махны боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой юм. Баянхошуу, Нөмрөгийн боомтуудаар Бүгд найрамдах Хятад улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжууд байна. Энэхүү эдийн засгийн үр өгөөж боломжуудыг судлаж байж шийдвэр гаргах шаардлагатай” гэдгийг тэрээ онцолж байв.