Дэлхийн сэтгүүлчдийн форумын илтгэлийн эргэн тойронд…


Дэлхийн Сэтгүүлчдийн форум БНСУ-ын Сөүл хотноо болж байгаа тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн. Тус форумын үндсэн илтгэлүүдийг 2017 оны 04 сарын 03-ны өдөр хэлэлцүүллээ. Форумын үдээс хойших үйл ажиллагааг БНСУ-ын CBS телевизийн  нийтлэлч Пак Чон Рюл   /Park, Chong-Ryul/ даргалж, “Дэйгу” Их сургуулийн Ерөнхий захирал  Дак Рюл Хон /Duck Ryul Hong/,  /БНХАУ-ын  өдөр тутмын “People’s daily” сонины Гадаад харилцаа хариуцсан эрхлэгч Юн Чанг /Yong Zhang/, АНУ-ын Сан Дэйго хотын NBC7 телевизийн Эрэн сурвалжлах алба хариуцсан гүйцэтгэх продюсер Линн Уолш /Lynn Walsh/, БНСУ-ын Часон “Daily news”-ийн Стратеги төлөвлөлт, мэдээллийн орлогч эрхлэгч   Уосук Кеннет Чой  /Часоны “Dally news” сонины Орлогч эрхлэгч  /Woosuk Kenneth Choi/ нар тус бүр илтгэл танилцууллаа.

Дэлхийн сэтгүүлчдийн форумд тавигдсан илтгэлийн агуулгаас товчлон хүргэе.

Дак Рюл Хон  “Дэлхий дахины энхтайваны үйлсэд оруулах сэтгүүлчийн үүрэг” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд тэрээр илтгэлдээ “Хэвлэл мэдээллийн хариуцлага нь зөвхөн хувь хүн юм уу жижиг хүрээллийг хамардаггүй шууд олон нийтэд хүрдэг учраас тэр хирээр сэтгүүлчээс өндөр хариуцлагатай хандахыг  шаарддаг. Сүүлийн үеийн сэтгүүл зүйд бид “Бохир мэдээлэл” гэдэг зүйлийг бид ярих ёстой болж байна. Ийм мэдээллээс болж  улс хооронд болон улс доторх иргэний дайн гарч байсан тохиолдол бий.  Тухайлбал, Саддам Хуссейныг хамгийн аюултай, хүчирхэг зэвсэгтэй учраас түүнийг  устгах ёстой гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор ийм ойлголтыг дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хүргэж байсан. гэвч үнэ хэрэгтээ энэ нь “Бохир мэдээлэл” байсан нь одоо нэгэнт тодорхой болсон. Ер нь “бохир мэдээлэл”-ийн шүүлтүүр нь юу вэ гэвэл тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, сонины редакц, редакторууд асуудалд хариуцлагатай хандаж, асуудлын үнэн зөвийг тодруулах, хэрэв буруутай мэдээлэл түгээсэн бол  алдаагаа тэр дор нь залруулж уучлалт гуйх ёстой. Эрх чөлөөтэй улс орнуудад “бохир мэдээлэл” гарч болох ч түүнийг засаж, уучлалт гуйж болдог давуу талтай” гэж ярьсан бол

Юн Чанг  “Өнөөгийн хэвлэл мэдээллийн үүрэг хариуцлага” сэдвээр илтгэсэн бөгөөд тэрээр илтгэлдээ “…Солонгосын хойгийн асуудлаар БНХАУ-ын байр суурь тодорхой, бид Хойд Солонгос улсын Цөмийн зэвсэгтэй холбоотой хөтөлбөрийг эсэргүүцэх,  үүний тулд тус улсад эдийн засгийн хориг арга хэмжээ авах чиглэлээр ажиллаж байгаа. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах суурь зарчмыг бид дэмжиж байгаа.  Гэхдээ бид энэ асуудалтай холбоотой улс орнууд Хойд Солонгос улсыг хэлэлцээний ширээний хойно суулгаж асуудлыг энхийн замаар шийдэх ёстой гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулж урд нь хэрэгжиж байсан 6 талт хэлэлцээр бол Хойд Солонгосын асуудлыг шийдэх хамгийн оновчтой үр дүнтэй арга байсан гэдгийг зориуд тэмдэглэн хэлэх байна.

Өнөө өглөө би “Financial times”  сонины шинэ дугаар уншлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп: “Хойд Солонгосын эсрэг Хятад хөдлөхгүй бол бид хөдөлнө. Уг нь БНХАУ бидэнд тусласан бол өөрт нь сайн хэрэг байсан. Туслахгүй бол хэнд ч сайн хэрэг болохгүй” гэж мэдэгджээ. АНУ энэ асуудлыг яаж шийдэх гэж байгаа юм бол, асуудал ингээд шийдэгддэг амархан юм бол Солонгосын хойгийн асуудлыг дэлхийн улс орнууд аль эрт шийдчихэж болох байсан. БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд хэлэхдээ Хятад улс бол Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдэх гол түлхүүр гэсэн байна. Энэ асуудлыг амарчилан, нэг улсад тохох, эсвэл хүчээр шийдэх бололцоогүй. …Солонгосын хойгийн ужгирсан асуудлыг манай улс бий болгоогүй,   бид зөвхөн хөндлөнгийн байр сууринаас оролцох ёстой гэж үздэг…,  АНУ, Өмнөд Солонгос хоёр улс  Хойд Солонгос хэтэрхий хатуурхах нь тэднийг бас өөдөөс нь хатуу бодлого явуулахад хүргэж байна. Хатуу зүйлийг хатуу бодлогоор  биш зөөлөн бодлого дийлдэг гэдэг санааг би энд дурьдмаар байна…” гэж илтгэлдээ дурьдлаа.

Линн Уолш “Сэтгүүлчийн хариуцлага” сэдэвт илтгэлдээ: “Мэдээлэл гэдэг бол хүч гэсэн үг. Мэдээллийн хүчийг олон нийтэд хүргэгч бол сэтгүүлчид юм. Тэгэхлээр сэтгүүлчид олон нийтэд хүргэж байгаа мэдээллээ ёс зүйтэй, хариуцлагатай, нягталж магадлан хүргэж байх ёстой. Үнэнийг ямагт эрэлхийлж, буруу ташаа мэдээллээс гарах хор хохирлыг ямагт тооцож, бие дааж, үндэслэл баримттай, тооцоо судалгаатайгаар нийтэд мэдээлэх үүрэг хүлээх нь чухал. Ийм мэдээллийн үнэ цэнийн хүчинд иргэдэд аливаа зүйлд харанхуй мухар сохроор биш, зөв зүйтэй дүгнэлттэйгээр шийдвэр гаргах бололцоог олгож байдаг. Ялангуяа зөрчил маргаантай үед үнэн зөв мэдээлэл шиг үнэ цэнэтэй зүйл байдаггүй. Өнөөдрийнх шиг  ийм цаг үед гарцаагүй үнэн зөв мэдээллийг хүргэхээс чухал үүрэг сэтгүүлчдэд үгүй. Ер нь үйл явдлын яг дунд нь халуун цэг дээр ажиллаж байгаа, тухайн үйл явдалд оролцож байгаа сэтгүүлч л үнэнийг хэлж чаддаг. Тэр утгаараа сэтгүүлчид та бид олон улсын хэмжээнд болон тухайн бүс нутагт хуримтлагдсан асуудлыг хөндөж,  дэлхий нийтийн анхаарлыг энэ зүгрүү чиглүүлэх, татах бололцоотой. Тухайлбал, бид өнөөдөр энд Солонгосын хойгийн асуудлыг ярьж байгаа нь энэ асуудлыг дэлхий нийтийн анхааралд хүргэж байгаа хэрэг юм” гэлээ.
Дэлхийн Сэтгүүлчдийн форумын сүүлийн илтгэлийг Воосук Кеннет Чой  илтгэлдээ: “Юуны  өмнө сэтгүүлч та бидний ажил чухам юу вэ гэдгээс яриагаа эхлэе. Би та бүхнээс хэдэн асуулт асууя. Баримтыг мэдээлэх үү?, Эрх мэдэлтнийг сөрж зогсох уу, Засгийн газрыг хянах уу, “Хоточ нохой” болох уу, Олон нийтийн санаа бодлыг бүрдүүлэх үү, Ядарсан зовсонд туслах уу, Үнэ цэнэтэй мэдээллийн хойноос хөөцөлдөх үү, Мэдээллийг ил тод хүргэх үү? эдгээр олон асуултын аль нь бидний хамгийн чухал асуудал вэ гэж  та бүхэн надаас  асуувал би хувьдаа Баримтыг мэдээлэх явдал чухал гэж хэлнэ…, Та бүхэн манай Солонгос улсын Ерөнхийлөгчийг хоригдсоны маргааш нь энд чуулж байгаа болохоор энэ асуудлыг ихэд сонирхож  байгаа байх…, Солонгос улс Ерөнхийлөгчгүй болоод сар орчим хугацаа өнгөрч  байна. Гэвч Солонгос улс байдгаараа байж, ажил төрөл өрнөдгөөрөө өрнөж л байна. Ноён Ерөнхийлөгч Трампийн эзгүйд ч гэсэн  АНУ байдгаараа л байх болно шүү дээ.  Би энэ үгийг ард олноос сонгогддог өндөр албан тушаалтнуудыг  байх ёсгүй, байхгүй байж болно гэдэг утгаар хэлж байгаа юм биш, харин ард түмэн хариуцлага хүлээдэг юм уу эсвэл тэдний өмнөөс сонгогдсон албан тушаалтан хариуцлага хүлээдэг юм уу гэдэг утгаар хэлж байгаа юм. Ард түмнээс сонгогдсон албан тушаалтанд ард түмэн эргээд хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Энэ л хамгийн чухал зүйл. Манай улсад ийм л зүйл болсон. Бид 5 сарын эхээр Ерөнхийлөгчөө нөхөн сонгоно, сайн хүн Ерөнхийлөгч болно байх гэж бид итгэж байна, гэвч бүр өмнөхөөсөө дордох ч юм уу бүү мэд, чухам үүнийг бурхан л мэдэх байх” гэж ярьлаа.

Үүний дараа илтгэгчдээс форумд оролцсон олон улсын сэтгүүлчид сонирхсон асуултаа асууж, санал бодлоо илэрхийлсэн боловч дараачийн  хөтөлбөрийн цагт баригдахын эрхээр форум өндөрлөлөө.

Ц.Мөнх

Эх сурвалж: Үндэстэн.мн

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …