С.Баяр Эрдэнэтийн 51 хувийн асуудлыг зохицуулахаар Их Британид Элчингээр очсон уу

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баярыг Монголын улстөрийн хамгийн том тоглогч, гурван нүүдлийнх цаадахыг хардаг гэлцдэг. С.Баяр Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээг хийж, удалгүй Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалаа Сү.Батболд гишүүнд өндөр үнээр зарчихаад АНУ-ыг зорьсон гэдэг.

Харин энэ бүхнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй байсан гэсэн ганцхан үгээр тайлбарладаг. Ямартай ч, түүний хар толгойгоороо хариуцна хэмээн ам гарч байсан Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиг муутай болох нь батлагдсан. Тэгвэл түүнийг Оюутолгойн гадаад эздүүд болох Английн “Рио-Тинто” компанитай харилцах МАН-ын гүүр нь болохоор Их Британид Элчин сайдаар очсон гэх яриа бий. Гурван нүүдлийн цаадахыг хардаг мань хүнд ийм бодол байсан байж болох. Бас асуудал дагуулж буй Оюутолгойн гэрээ болон цаашид үүсч болох нөхцөл байдлыг эвтэйхэн зохицуулах гэсэн бодол байсныг үгүйсгэхгүй.

С.Баярын хувьд МАН дахь нөлөөгөө алдаагүй гэдгээ Их Британид Элчин сайдаар очсон явдлаараа харуулсан бөгөөд түүнд өөр орнуудад Элчингээр суух боломж байсан ч заавал яагаад Англи буюу Их Британийг сонгосон нь өөрөө олон таамаг үүсгэдэг. Үүнээс гадна ард олны анхаарлыг сүүлийн үед ихээр татаж буй “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалтай холбоотойгоор Их Британид Элчингээр суусан байх магадлалтай.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцэн Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс” корпорацийн зүгээс төр “Эрдэнэт”-ийн 51 хувийг “алдчихаад” бидний 49 хувийг булааж байна гэсэн мэдээллийг олон нийтэд түгээсэн. “Эрдэнэт”-д төрийн төлөөлж байсан 51 хувийг нэгэн цагт Монголын толгой баячуудын нэг гэгддэг байсан “Жаст”-ын Ш.Батхүү Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбарт барьцаанд тавьж 108 сая ам.доллар зээлсэн байдаг. Түүнд энэ их мөнгийг зээлэхэд төрөөс баталгаа гаргаж өгсөн гэдэг бөгөөд гарын үсэг зурсан хүмүүсээр тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Сү.Батболд нарын нэрс яригдаж байв. Гэсэн ч энэ хэргийг дарж, гарын үсэг болон баталгааг Ш.Батхүү өөрөө хуурамчаар үйлдсэн болж хувирчихаад байгаа.

Гэхдээ Английн Арбитрийн шүүх хэн нь худлаа яриад байгааг тун удахгүй тогтоож, Ш.Батхүүд Монголын төр баталгаа гаргаж өгсөн эсэхийг тодруулах биз. Тэр үед Ш.Батхүүгийн хэрэгт төрийн томчуудаас хэн хэн яаж оролцсоныг дахин тодруулна гэж найднам.

Товчхондоо, Англитай холбогдож буй дээрх хоёр том хэрэгт С.Баярын нэр дурдагдаж байгаа нь түүнийг Англид Элчингээр очих шалтгаан болов уу гэж харагдаж байна.

Хэн мэдлээ, үнэхээр холбоотой байгаад түүнийгээ зохицуулахаар очсон эсэхийг цаг хугацаа, хуулийнхны шударга байдал л харуулна шүү дээ.

Нинж

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …