С.Батболд: Нийслэлчүүдийн хүнсний хангамжид онцгой анхаарна

Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэд жилийн 4 улиралд шинэ, эрүүл хүнс, ногоо хэрэглэх тал дээр хотын удирдлагууд онцгой анхаарч  байна. Энэ хүрээнд өнөөдөр хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлчүүдэд өдөр тутамд шинэ сүү, ногоо нийлүүлдэг фермийн болон хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа. Манай улс 1972 онд анх хүлэмжийн аж ахуйг бий болгож байсан бол сүүлийн 10 гаруй жилд эрчимтэй хөгжиж, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн хөрсгүй технологитой зэрэгхүлэмжийн аж ахуйнууд олноор бий болж байгааг хотын дарга сайшаасан юм.

 

 

Ажлын хэсгийн эхний очсон “Грийн сити гарден” ХХК Голланд технологийг нэвтрүүлж, хотын иргэдэд шинэ төрлийн нарийн ногоог нийлүүлдэг байна. Тус үйлдвэр нь нийт 3.0 га талбайтай. Үүнээс 3000 м2 талбайд өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг байна. 2010 онд 200 тонн, 2014 онд 800 тонны багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь барьж, ашиглалтад оруулжээ. 2016 онд Голланд улсын технологиор 3000 м2 талбай бүхий “Мөнхзун” хүлэмж барьж, ашиглалтад оруулсан байна. Тус хүлэмждээ улаан лооль, өргөст хэмх тариалж, 4 сарын дотор гэхэд 30.2 тонн ургац хураан авчээ.

 

Гэхдээ шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал байгааг ч хэлж байсан юм. “Грийн сити гарден” ХХК-ийн захирал Ж.Эрхэмбаяр хэлэхдээ “Өдөр бүр шинэ, чанартай ургац авахын тулд тасралтгүй хүлэмжийн ах ахуй явуулдаг. Үүнийг дагаад цахилгааны зардал өндөр байдаг. Тиймээс бидний зүгээс хүсэх зүйл гэвэл хотын удирдлагууд цахилгааны хөнгөлөлтөд хамруудах тал дээр анхаарах явдал.” хэмээн ярьсан юм. Ингэвэл хүнсний ногооны үнэ буурах боломж байгааг ч дуулгалаа. Үүнийг судалж, аль болох нааштай шийдэхэд анхаарна гэдгээ хотын удирдлагууд хэлэв.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотыг жилийн 4 улиралд шинэ хүнсний ногоогоор хангах зорилт тавигдаж байгаа. Үүний хүрээнд бид хүлэмжийн аж ахуйг бодлогоор дэмжиж байна. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид өнөөдөр тулгамдсан асуудлуудаа танилцууллаа. Тухайлбал, аж ахуйгаа эхлүүлэхдээ авсан зээлийн эргэн төлөлт, цахилгаан дулааны хөнгөлөлтөд хамруулах зэрэг хүсэлт тавьж байна. Үүнд анхаарч ажиллана.” гэлээ.

Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар Шижирийн аманд байрлах “Тайшир өргөө” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь 2014 оноос дэлхийн 25 оронд үржүүлэн ашигладаг Норвегийн улаан үхрийг үржүүлсэн байна. Норвегийн улаан үхэр нь сүүний гарц өндөртэй, жилд 10 тонноос дээш сүү өгдөг, махны гарц өндөртэй, урт настай зэрэг давуу талтайг танилцууллаа. Мөн симментал үүлдрийн үхэр, эделбай үүлдрийн хонь үржүүлдэг байна. 2014 онд 150 үнээний бүрэн механикжсан ферм ашиглалтад оруулжээ. Гэрэлтүүлэг, агааржуулалт, цэвэрлэгээ, тэжээл өгөх зэрэгтээ сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан байна. Мөн Турк улсын 10 үнээ зэрэг саах хүчин чадалтай цахилгаан саалтуур ашиглаж байгааг танилцууллаа.

Сүү үйлдвэрлэгчдийн хувьд тэжээлийн хангамж, үйлдвэрлэлийн асуудал тулгамдаад байгааг хэллээ. Цахим газар өмчлөлтэй холбоотойгоор бэлчээр, тариалалт эрхлэх газар хомс болсныг дуулгасан.Үүнд онцгой анхаарахаа хотын дарга хэлээд “Хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд тэжээл үйлдвэрлэхэд нь зориулж тариалан эрхлэгчдэд олгодог хөнгөлөлттэй зээлийг олгох шаардлага байна. Бид хотын иргэдийн хүнсний хангамжид онцгой анхаарна. 1.3 сая хүн амтай том хотын хувьд хотын эдийн засаг гэсэн ойлголт дунд хотын хөдөө аж ахуй гэдэг ойлголт байх ёстой.” хэмээн ярилаа.

Өнөөдөр нийслэлчүүдийн худалдан авч байгаа хүнсний ногоо, нарийн ногооны 70 хувь нь үндэсний үйлдвэрлэл, 30 хувь нь импортын бүтээгдэхүүн байна. Үндэсний үйлдвэрлэлийн хүнсний хэмжээг нэмэгдүүлж, нийслэлчүүдийг 100 хувь дотоодын хүнс, ногоогоор хангахыг зорьж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …