УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Чуулганы завсарлагаар гишүүд тойрогтоо ажилласан. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Чуулганы завсарлагаар гишүүд тойрогтоо ажилласан. Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сум яагаад өнөөдрийг хүртэл цахилгаангүй байна вэ. Та газар дээр нь очиж танилцсан байх?
-Сумын хөгжлийн гол тулгуур нь дэд бүтэц байдаг. Дорноговь аймаг дэд бүтцийн хувьд Монгол Улсын хамгийн урт авто зам, төмөр зам, эрчим хүчний шугам сүлжээтэй боловч энэ хоёр сумынхан нь XXI зуун гарчихаад байхад лаатайгаа амьдарч байгаа нь гашуун боловч үнэн бодит байдал. Монгол Улсын хэмжээнд төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй гурван сум байгаагийн хоёр нь манай аймагт байна. Өмнө нь найман жил аймагт засгийн эрх барьж байсан нөхөд гэрэл цахилгаантай болгоно гэсэн амлалтыг ард иргэддээ удаа дараа өгч байсан ч төсөв санхүүжилтээс шалтгаалаад ажил хэрэг болоогүй гэдэг тайлбар хэлдэг. Өнөөдрийн байдлаар энэ хоёр суманд өдөрт дөрвөн цаг л цахилгаан өгч байна.
-Дөрвөн цаг асч байгаа гэрэл цахилгааныг хаанаас, яаж зохицуулж хүргэж байгаа юм бэ?
-Хоёр цагийг нь Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хариуцаж, үлдсэн хоёр цагийг нь аймгийн зүгээс түлшийг нь хариуцан хэсэгхэн хугацаанд аргацааж байна. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, банк гээд үйлчилгээний газрууд бүгд жижиг оврын мотор ашиглаж байна. Хатанбулаг суманд Сулинхээрийн отряд, Ханги хилийн боомт, Мандах суманд Мандах-Цагаан суваргын орд байдаг учраас энэ хоёр сум хүн ам олонтой. Гэсэн ч иргэд, залуучууд тав тухтай амьдрах бололцоо хязгаарлагдмал байна.
Өнөөдөр эдгээр суманд хүүхэд сурч боловсрох, иргэд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлж амьжиргаагаа дээшлүүлэх боломж үнэхээр тааруу байна.
-Харанхуй сумдыг цахилгаанаар хангах ажил ямар шатанд явж байгаа юм бэ. Мандах, Хатанбулаг сумд эрчим хүчний нэгдсэн системд яг хэзээ холбогдох бол?
-2017 оны нэгдүгээр сарын 12-нд Засгийн газрын 2016 оны “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 148 дугаар тогтоолыг үндэслэн “барих шилжүүлэх” нөхцөлтэйгөөр Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газартай “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” концессын гэрээ байгуулсан. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мандах суманд ажиллах үеэр Мандах, Хатанбулаг сумыг төвлөрсөн эрчим хүчээр холбох агаарын шугамын ажил байдал болон шаардлагатай асуудлыг шийдвэрлүүлэх саналыг тавьж, холбогдох газруудад үүрэг өгсөн. Гэвч хөрөнгө, санхүүгийн дутагдлын улмаас өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн 220кВт-ын 160 км цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын явц 70 гаруй хувьтай явагдаж, шугамын тулгуурууд нь босч утас татах ажил хийгдэж байна. Цагаан суварга дэд станцын угсралтын ажлыг зургадугаар сарын 20-ны дотор хийж дуусгахаар ажиллаж байгаа юм билээ. Ингэснээр Мандах, Хатанбулаг сумдыг төвлөрсөн эрчим хүчний системээс холбох боломжтой болно гэж Эрчим хүчний яам нь хариулт өгсөн.
-Дорноговь аймагт тулгамдаж байгаа өөр ямар асуудал байна вэ? Ямар гарц шийдлээр бодлогын түвшинд ажиллаж байна?
-Хатанбулаг, Хөвсгөл суманд шилэн кабельгүйн улмаас интернэтэд холбогдож чадаагүй байна. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлож, газрын хэвлийг сүйтгэх явдал харьцангуй их гарч байна. Хууль бусаар олборлолт хийж байгаа газарт байгаль орчин ихээр сүйдэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж хэрэгжих тухай ярихад хэцүү нөхцөл байдал үүсч байгаа. Тиймээс ийм газруудыг буух хаягтай, буцах эзэнтэй болгож, нийгмийн хариуцлагыг нь гэрээлээд нөхөн сэргээлтийн ажлыг сайтар хийлгээд явах бодлогыг баримталж байна. Цаашид орон нутаг дангаараа биш улсын бодлого шийдвэртэй уялдуулан эзэнжүүлснээр татварыг нь авдаг, тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангадаг, нөхөн сэргээлтээ хийдэг болоход анхаарна гэсэн үг. Үүнийг нэг мөр цэгцлэхэд Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар нэгдсэн тооллого хийх шаардлага байгаа.
-Монгол Улс эдийн засгийн хямралаас гарахын тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Хөтөлбөрийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-ОУВС-гийн хөтөлбөр манай улсад шинэлэг зүйл биш. ОУВС Монгол Улсын эдийн засгийн шинэчлэлийг дэмжиж ирсэн. Манай улс тус сангийн санхүүгийн туслалцааны хэд хэдэн хөтөлбөрт хамрагдаж байсан. Энэ удаад Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийсний үр дүнд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар тохиролцож, долоон төрлийн татварыг нэмэх талаар 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсныг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж байна.
Яг өнөөгийн нөхцөлд бол, Монголын эдийн засаг сэхээнд байна. Засгийн газраас эдийн засгийг сэргээх хоёр ч хувилбарыг авч үзсэний эцэст сонгосон нь ОУВС-гийн хөтөлбөр. Энэ хөтөлбөрт хамрагдсан нь хамгийн зөв шийдэл эсэхийг эцэслэж дүгнэхэд эртдэнэ. Гол нь үр дүн чухал.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төсвийн тодотгол хийж татвар нэмэх гэж байгааг сөрөг хүчин хүчтэй шүүмжилж байна шүү дээ?
-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр төсвийг цэгцлэх, замбараагүй халамжийг танах, үрэлгэн байдлаа зогсоох, сонгуулийн популист амлалтуудыг хязгаарлах шаардлага тавьсан нь зарим хүнд таалагдахгүй хоосон улстөржүүлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хөзөр болгон ашиглах гэж оролдож байгаа нь харамсалтай л харагдаж байна. Ард түмнээ, эдийн засгийн эрсдэлд оруулсан буруутныг хайхаас илүүтэйгээр энэ байдлаас хэрхэн гарах нь чухал цаг үе тулгараад байна. Мэдээж энэ бүхнийг цэгцэлж, санхүүгийн сахилга бат хэрэгтэй байгааг өмнөх эрх баригчид хийгээд учир мэдэх хүмүүс гадарлаж байгаа. Нэгэн цагт улсаа хямралаас гаргахын тулд алтан ээмгээ хүртэл тайлж өгч чадсан Солонгосын ард түмэн тухайн үедээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан байдаг. Мэдээж тухайн үед ОУВС-гийн болзлыг хүлээн авч, шүүмжлэлд өртсөн хэдий ч хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд эдийн засаг нь дэг журамтай болж, шулуухан хэлэхэд банк санхүүгийн байгууллага хийгээд төр нь цэвэршсэн түүхтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин