Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв “Тавантолгой”-д өчигдөр 17.40 цагийн орчимд гранат дэлбэрч, хоёр хүний амь эрсэдсэн хэрэг гарлаа. Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт, нийслэлээс 50-аад км-ын зайтай оршдог юм. Энд цэргийн ажиллагаатай холбоотой бүхий л сургалтууд явагддаг. Мөн “оюутан цэрэг” хөтөлбөр ч энд хэрэгждэг билээ.
2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу өчигдрийн 17.00 цагийн орчимд хээрийн сургалтын төвөөс 10 км-ын зайд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн дадлага сургуулилт хийж байсан байна.
Энэ үеэр цэнэгтэй гранат дэлбэрч 10 хүн өртөж, хоёр нь газар дээрээ нас барж, 8 нь эмнэлгийн яаралтай тусламж авсан байна.
Болсон хэрэг явдлын талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Зэвсэгт хүчний анги салбарууд ЗХЖШ-ын батлагдсан 2016-2017 оны бэлтгэгдсэн сургалт хөтөлбөрийн дагуу хээрийн сургалт дадлага, байлдааны буудлага, харвалт хийгдэж байгаа. Сургалтын явцад гранатыг цэнэгтэй нь холбох явцад тэсэрч, ахмад Э, ахлагч А нар газар дээрээ нас барсан. Тухайн үед хамт байсан найман хүнийг Цэргийн төв эмнэлэг рүү яаралтай хүргүүллээ. ЗХЖШ, БХЯ уг асуудалд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэж мэдэгдлээ.
Харин Цэргийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар эмнэлэгт хүргэгдсэн найман цэрэгтэй холбоотойгоор “Осол гарах үед сургалтын нэгдсэн төвд сургалтанд гарч байсан эмнэлгийн бүрэлдэхүүн яаралтай тусламж үзүүлсэн. Эхний албан хаагч 19:58, сүүлийнх 20:15-д эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Хоёр цэрэг яаралтай хагалгаанд орж байна. Бусад зургаан цэргийн хувьд гэмтэл нь амь насанд нь аюулгүй. Металл хэлтэрхийнүүдийг биеэс нь гаргаж авсан. Эмчилгээ үргэлжилж байна” гэж мэдэгдсэн юм.