Баабар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсноо мэдэгдлээ

Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсноо мэдэгдлээ. Тэрээр “Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна” хэмээх томоохон хэмжээний нийтлэлийг “Өдрийн сонин”-д нийтлүүлж, тус нийтлэлдээ яагаад Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх болсноо дурджээ.

Нийтлэлч Баабар “Тэсэхээ болилоо, тэвчээр барагдлаа. Тонуулчин, дээрэмчдээр толгойлуулсан, хууль ёсыг уландаа гишгэсэн, бүлэглэл хоорондын тэмцэлд гэр орноо нураасан зах замбараагүй нийгэмд үр хүүхэд, ач гучаа үлдээмээргүй байна. Эх орон элгэн саднаа хэдэн дээрэмчний гарт эгнэгт өгмөөргүй байна. Маргаашийн гэрэлд хүрэхийн тулд өнөөдрийн түнэр харанхуйгаас салмаар байна. Иймээс би өөрийн нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх гэсэн юм аа” гэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намууд хүнээ нэр дэвшүүлэх хуулийн заалттай билээ.

Тэгвэл нийтлэлч Баабар “Хэдийгээр намайг дээрэмчдийн толгойлогчид хавчин гадуурхаж, нэр төрөөр минь оролдож, алив шатны сонгуулиас шахан зайлуулж байгаа ч гэсэн би Ардчилсан намын ууган гишүүн, аль ч сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй бодгаль. Би ямар ч бүлэглэлд хамаарч байгаагүй төдийгүй тэднийг жигшиж аль болох зай барьж явсаар өдий хүрлээ. Манай ард түмний ихэнхи нь намайг таних болов уу? гэж найдаж байна. Иймээс аль нэг улс төрийн хүчинг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвшин сунгаа явуулахад өөрийгөө тэргүүлж чадна гэж итгэж байна. Мэдээж би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэдхэн жилийн дотор улс орноо бүрэн эмхэлж эрүүл саруул болгож хүчрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү том эрх мэдлээр дамжуулан төрийн гол багана болсон улс төрийн намуудыг мафийн гараас салгаж дөнгөнө. Би төрийг байх ёстой газар нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна” гэсэн байна.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …