Г.Арсланхуяг:Боловсролын байгууллагатай холбоотой гомдол, санал нилээдгүй ирж байна

Цаг үеийн байдалтай холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Арсланхуягаас дараахь тодруулгыг авлаа.

-Төрийн байгууллагын үйлчилгээний хүнд сурталтай холбоотой гомдол, мэдээллийг танай байгууллага шалгадаг. Сүүлийн үед ямар төрлийн гомдол мэдээлэл ихээр ирж байгаа вэ ?

2017 оны эхний улирлын байдлаар 1800-1969 дугаарын утсанд ирсэн санал гомдлын багагүй хувийг боловсролын байгууллагатай холбоотой буюу ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш нар хүүхдүүдээс элдэв , хураамж, хандив нэрээр мөнгө хураан авч байгаа талаар, мөн шалгалтын комиссын үйл ажиллагааны зардалд мөнгө цуглуулж өгч байна гэсэн утга бүхий  гомдол мэдээлэл эзэлж байна.

– Гомдлын мөрөөр ямар арга хэмжээ авч байна?

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно”,  Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7-д “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно” гэж заасан байдаг. Иймд дээрхи зөрчлийг таслан зогсоох чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагад нь хүргүүлээд байна.

Цаашид иргэд, олон нийт, эцэг эхчүүд, оюутан сурагчид ийм төрлийн гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсанд мэдээлэх нь нээлттэй бөгөөд энэ нь өөрөө авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн тавьж буй хяналт оролцооны нэгэн хэлбэр юм.

– Танай байгууллагад гомдол, мэдээллийг цахим хэлбэрээр гаргаж өгч болох уу ?

Болно. Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудсаар орж гомдол өгөх гэсэн холбоосонд хандана, мөн contact@iaac.mn  цахим шуудангийн хаягаар гомдлоо ирүүлэх боломжтой. Үүнээс гадна 1800-1969 тусгай дугаарын утсанд энгийн утасны тарифаар иргэд, байгууллагаас авлига ашиг сонирхолын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталтай ажил үйлчилгээний талаархи болон албан тушаалтаны ёс зүйн харилцааны талаар гомдол мэдээлэл өгч болно.

– Авлигатай тэмцэх хөтөлбөрийг намрын чуулганаараа хэлэлцэн баталсанаас хойш хэрэгжилт ямархуу байдалтай байна ? 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон талт арга хэмжээ авч байна. Тухайлбал 2016 оны 11 дүгээр сард аймаг орон нутгийн иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагын албан хаагчдад  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулахаар судлах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж, энэ төрлийн ажлыг өнгөрсөн 3 дугаар сараас Улаанбаатар хотод бүх яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагын түвшинд зохион байгуулж байна.

– Үндэсний хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тодруулна уу ? 

Үндэсний хөтөлбөр нь төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилготой. Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд 11 зорилтыг 6 жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг ерөнхий удирдлагаар хангаж. Авлигатай тэмцэх газар хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийн тайланг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулж ажиллах юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар батласан.

– Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн чиг үүрэг, оролцоо ямар байх вэ ?

Яам, агентлаг болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орон тооны бус зөвлөлийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх “Олон нийтийн дэд зөвлөл” ажиллах бөгөөд энэ зөвлөл нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны шийдвэр, ёс зүйд хяналт тавих зорилготой. Тус зөвлөлийн гишүүн нь төрийн байгууллага, түүний удирдлагаас гаргаж буй аливаа шийдвэрийн ил тод байдлыг хангах, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод  байдалд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох, нийтийн  албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэд, олон нийтийн  хяналт тавих, мэдээлэл авах эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Авлигатай тэмцэх газраас “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журам”-д заасны дагуу зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд, энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Эх сурвалж:АТГ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …