Үндсэн хуулийг өөрчилвөөс…

Улсын үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэх тухай яриа хөөрөө чих дэлсэх болсоор  нэлээд хугацаа өнгөрөв. “Үндсэн хуулинд гар хүрч болно”, “болохгүй”, “дордуулсан долоон өөрчлөлтөөс болж үндсэн хуулийн бэх бат чанарт цав суусан”, “уг хуулин дахь эрх мэдлийн хувиарлалт, төрийн байгуулалтын зарчимыг эргэж харах зайлшгүй шаардлага байна” гэх мэтээр УИХ-ын танхимд суугаа эрхэмүүдээс эхлээд сумын төвийн гудманд алхаж яваа иргэдийн хооронд ч үе үе энэхүү чухал ярианы сэдэв сөхөгдсөөр байх…

Эрх барьж байгаа улс төрийн хүчин УИХ болон орон нутгийн сонгуулийн өмнө үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ард түмэнтэйгээ зөвлөнө гэж ам шүд алдсан учир, үүнийхээ дагуу арга хэмжээ авч эхлээд байгаа нь УИХ дээр энэ асуудал үе, үе яригдаж, улмаар бүх ард түмний санал асуулга явуулах, явуулахгүй байх талаар мэтгэлцээн үүсч байгаа зэргээс харагдаж байна. Зарим хүмүүсийн хувьд өнөөдөр бий болсон улс төрийн гажуудал, эдийн засаг, нийгмийн хямрал доройтолд нөлөөлж буй суурь хүчин зүйлүүдийг үндсэн хуультай холбон тайлбарлах нь ч бас байна. Эдгээрийг бүхэлд нь ажиглаж байхад нэгэн том дүр зураг сүүдийн үзэгдэж буй нь юу гэвэл өнөөдөр манай улсад оршин буй төрийн байгуулалтын тогтолцоо ард нийтийн төлөөллийг бүрэн хангаж чадахгүй, тэдний оролцоо хүсэл зоригоос гадуур оршиж байгаа байдал юм.

Иймэрхүү үзэл бодлыг олон хүний бичсэн зүйлээс, ярьсан ярианаас сонссоноос гадна. хоёр жилийн өмнө манай аймгийн нэгэн чамбай сэхээтэн нийгмийн гажуудлыг хэрхэн зөв гольдрол руу чиглүүлэх тухай арга замын талаар цогц хөтөлбөрийн санааг гаргасан байсан нь мөн л ийм агуулгатай байсан. Тэр эрхэмийн төсөөллөөр бол төрийн байгуулалтыг суурь бүтцээр нь өөрчлөх ёстой бөгөөд Монгол улс нь Улсын их хурал, бага хурал гэсэн төрийн эрх барих “парламент”-ийн хоёр танхимтай байх, чингэхдээ Улсын Их Хурлыг нам харгалзахгүйгээр Засаг захиргааны нэгж бүрээс төлөөлөл сонгох зарчимаар бүрдүүлэх, ингэснээр Монгол улсын сум болгоноос тухайн сумандаа байнгын оршин сууж буй нэгээс доошгүй иргэн УИХ-д төлөөлөгч, эсвэл гишүүнээр суух ба уг Их хурал нь Монгол улсын төрийн эрх барих хамгийн дээд байгууллага байх. Улсын Бага Хурлын тухайд хууль тогтоох мэргэжлийн танхим бөгөөд мөн л нам харгалзахгүйгээр улсыг бүхэлд нь нэг тойрог болгон тэндээс гишүүдийг нь сонгож бүрдүүлэх, улс төрийн намуудыг төрийн бүтцийг бий болгодог “нөөц сав”-ны зохион байгуулалтаас нь болиулж, зөвхөн улс төрийн онол, судалгааг эрхэлсэн институцын түвшинд аваачих, ингэж байж одоогийн үндсэн хуулинд байгаа Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн тунхагийг хангах боломжтойг сайтар тайлбарласан байсан ба уг үзэл баримтлалын /концепц/ төслөө Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Ерөнхий сайдад ч явуулсан гэдэг.

Тэднээс ганц нэгхэн нь таны захидлыг үзлээ, танилцлаа гэх төдий хариу ирүүлсэн бол ихэнхийнх нь хувьд “усанд хаясан чулуу” шиг ямар ч хариу өгөлгүйгээр таг чиг сураг алдарсан гэх. Тухайн үедээ бас хэсэг нөхдийн хүрээнд цуглаж, мөнөөх эрхэмийнхээ онол, үзлийг сонсож хэлэлцэн, бараг бүгд л санал нэгтэй дэмжиж байсныг санаж байна.  Гэвч дээдсүүдэд хүргэж ажил болгохын тухайд бол “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгчийн үлгэр болоод л замхарна гэдэг нь ойлгомжтой байсан хэрэг. Гэтэл тэрхүү санаа зүгээр нэг элдэв юм эрэгцүүлж сэдэх дуртай нөхрийн сонирхлын асуудал төдий биш “цайзад хашигдсан” ард түмний дундаас хэн нэг нь тэндээсээ гарч болох хамгийн оновчтой гарцыг олж хараад, зурж тэмдэглэсэн анхны гярхай тэмдэглэл байжээ гэхүйц өөдрөг  сэтгэгдэлд эзлэгдэх нэгэн шалтаг бий болов.

Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын нөхөд Үндсэн хуулийг өөрчлөн шинэчлэх төсөл боловсруулсан тухай мэдээг сонссоор байсан авч энэ хаврын дөрвөн сар гарч байж л уг төслийг нүдээр уншиж танилцах завшаан тохиосон юм. Уншаад үзэхэд нэлээн олон зүйл дээр өнөөх “чамбай сэхээтэн”-ий төсөөлж байсантай яв, цав нийцжээ. Үндсэн хуулийн энэ төсөлд /4.2./ “БНМУ-д төр Засаг, түүний бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж нь Монголын ард түмэн мөн бөгөөд төр Засгийн бүрэн эрх гагцхүү ард түмний мэдэлд байнга байна. Монголын ард түмэн төр засгийн бүрэн эрхийг энэхүү Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчмын дагуу барина” хэмээсэн нь одоо мөрдөгдөж буй үндсэн хуулийн /3.1./ -д буй “Монгол улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ” гэснийг илүү дэлгэрүүлэн тодорхой болгосноос гадна, хууль тогтоох эрх мэдлийг хэрхэн бий болгох талаар авч үзсэн хоёр дугаар бүлэг дэх заалтуудаараа үүнийг жинхэнэ утгаар нь баталгаажуулжээ. Тодруулбал хоёрдугаар бүлгийн 26.1-д Монгол улсын хууль тогтоох эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэгч нь парламент байна. Парламент нь хууль тогтоох эрх бүхий Улсын Бага хуралдай, хууль батлах эрх бүхий Үндэсний Их Хуралдайгаас бүрдэнэ. /27.5./ Үндэсний Их Хуралдайд хороо, тосгон, сум бүрээс нэг төлөөлөгч сонгогдоно. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчийг сонгуулийн насны иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно. /27.12./ Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн байна. Нэгдүгээр бүлгийн /25.5./ Бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь өөрийн, эсхүл улс төрийн нам, төр засгийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, хувь хүний зардлаар сонгуулийн компанит ажлыг бүрэн эсвэл хэсэгчлэн санхүүжүүлэхийг хориглоно. Уг зохицуулалтыг зөрчсөн нэр дэвшигчийн нэрийг татуулж, 5 жилийн хугацаанд аль ч шатны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй. Мөн хоёрдугаар бүлгийн /26.11/-д Улсын Бага Хуралдай өөрийн тогтоосон хууль, хууль тогтоомжийг хэлэлцүүлэн батлуулахаар Үндэсний Их Хуралдайд ажлын 3 хоногт багтаан хүргүүлнэ. Үндэсний Их Хуралдай нь Улсын Бага Хуралдайн тогтоосон хууль, хууль тогтоомжийг хүлээн авснаас хойш 10-аас доошгүй хоногийн хугацаа өнгөрсөний дараа хэлэлцэж эхлэнэ гэсэн заалтуудыг тусгажээ. Ингэснээрээ өнөөгийн бодит амьдрал дээр байгаачилан арга сүйхээ хэрэглэж, аль нэг улс төрийн нам гэгчид дээгүүр байр суурь олж авсан чинээлэгдүү голдуу нөхдүүд их төлөв нийслэл хот орчмоос хүрч ирээд, баахан сайхан, сайхан юм ярьж, толгой эргүүлж байгаад биднийг төлөөлөх эрхтэй болон, төрийн ордонд залардагийг халж, харин сум, хороо, тосгон болгоны иргэд өөрсдийнхөө дотор аж төрж, амьдарч буй нэгнээр өөрсдийгөө төлөөлүүлэх боломжтой болж байгаагаараа яах аргагүй олзуурхууштай юм. Тэрчлэн ард олныг хэдэн хэсэг болгож талцуулан хуваах, эрх мэдэл олж аваагүй талынхаа эрх, эрх чөлөөг боомилон, хаагдуулах гол зэвсэг болж, хэргээ ч сайн гаргаж байгаа улс төрийн нам гэгчээс заавал нэр дэвшүүлэх гэдэг “гажиг” ёсыг мөн дуусгавар болгож байгаа нь хамгаас чухал зүйл гэж үзэж буйтай маань ч уншигч та бүхэн санал нийлнэ байх. Харин энэ төсөлд “Улсын Бага хурилдайг намын жагсаалтаар сонгоно” гэсэн нь учир дутагдалтай санагдаж байгаа юм. Намын жагсаалтаар сонгоно гэдэг нь урьд урьдын Үндсэн хуульд байсаар ирсэн Монгол улсын иргэн хэн ч бай төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэсэн зарчим зөрчигдөж байна гэж үзэж болно. Ард түмэн жам ёсны язгуур эрхийнхээ дагуу алив шашны байгууллага, улс төрийн нам, эвсэлд заавал харъяалагдах албагүй, өөрийн итгэл үнэмшлээрээ оршин амьдрах ёстой бөгөөтөл дээрх заалтын дагуу Улсын Бага Хуралд сонгогдохын тулд заавал намын харъяалалтай байх хэрэг гарч ирж байгаа нь зөрчилтэй төдийгүй, шудрага бус зарчмыг бий болгож байна гэлтэй.

                Үүнийг бичигч миний хувьд хуулийн төслийн зөвхөн үндсэн, суурь зарчим, агуулгуудын заримыг нь л авч үзэж, уншигч олонтой санал солилцохыг хичээж буй бөгөөд энэ үүднээсээ дээр үгүүлэгдсэн төрийн байгуулалтын зарчим, сонгох сонгогдох зарчим, хүний /ард олны/ язгуур эрх, эрх чөлөө, төр, засгийн эрх мэдлийг хувиарлах, тэдгээр эрх мэдлийг эзэмших этгээдүүдийг сонгох, чөлөөлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих зарчим, Засаг захиргааны удирдлагын зарим онцлох асуудал хийгээд төрийн бэлгэдэлтэй холбоотой зүйлсийг нэн чухалд тооцсон болно.

                Энэ дагууд авч үзвэл хуулийн төслийн /5.6./-д “Төр, засгийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгчид нь үйл ажиллагаагаа харилцан тэнцвэртэй байх зарчмаар явуулах бөгөөд аль нэг нь бусдаасаа давамгай эрх эдэлж үл болно” хэмээснээрээ эрх мэдэл хувиарлалтын тэнцвэртэй, ардчилсан зарчмыг баримтлах суурь боломжийг бүрдүүлж байна гэж харав.

Мөн хуулийн төсөлд төр,  засгийн бүтцийг бүрдүүлж буй, дээр авч үзсэн хууль тогтоох засаглалын байгууллагаас гадна бүх шатны шүүхийн шүүгчид, хүний эрхийн үндэсний хороо, хянах эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ардын хянан шалгах хорооны албан тушаалтнуудыг мөн адил бүх нийтээр, чөлөөтэй, нууцаар саналаа өгөх зарчмын дагуу сонгож гаргаж ирэхээр тусгасан нь өнөөдрийн амьдрал дээрх бараг хавтгай үзэгдэл болж байгаа, эрх мэдлийг наймаалцдаг, нэг эрх мэдлээр нөгөө эрх мэдэлтнийг дархлан хамгаалах хэрэгсэл болгодог, эрх мэдэлтний шийдвэр, зан байдлын үйлчлэл нь жирийн олон хийгээд доодост сүх, лантуу мэт, дээдэст бол муур, нохой мэт байдгийг засамжлах гэсэн зөв зүйтэй чармайлт биз ээ гэж зөвшөөх бодол төрнө.

Хуулийн төслийн 4.6. “БНМУ-ын төр засаг Үндсэн хуулиар заасан үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа, эсхүл Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ард түмэн эсэргүүцэл илэрхийлж, хугацаанаас нь өмнө огцруулан, шинээр эмхлэн байгуулах эрхтэй” гэсэн нь ард олны дунд байнга яригдсаар ирсэн авч, эрх мэдэлтэй хэсгийн дийлэнх огт хүлээн зөвшөөрөх бодолгүй байдаг хурц асуудлыг шудрага, зоригтой гаргаж тавьснаараа, улс орны хувь заяатай холбоотой бас нэг шударгуу алхам болж байна гэж анзаарсныг маань уншигчид хэрэг болгож эрэгцүүлнэ байхаа гэж найдав. Үүнтэй холбоотой өөрийн санааг бататгах гэсэн жишээ энэ, тэр татах нь илүүц зүйл гэж үзээд өөр нэг заалтад анхаарлаа хандуулбал /13.32./ “Хүн өөрийн болон нийтийн ашиг сонирхол, бусдыг төлөөлөн тэдний ашиг сонирхлын дагуу аливаа байгууллагын шийдвэрлэж байгаа асуудалтай  холбогдуулж, хүсэлт, өргөдөл гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн нь ер анзаарагддаггүй зүйлийг олж харсан, нүдээ олсон заалт болжээ. Дашрамдуулаад нэгэн сонин дэлгэвэл нийтийн ашиг сонирхол, жам ёсыг сахин хамгаалж, түүнтэй холбоотой хууль бус асуудлыг таслан зогсоох үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан өөрөө тэр чиг үүргийнхээ эсрэг ажиллаж, нийтийн эрх ашгийг хохироох, завших үйл үйлдсэн байхад, түүнийг нь мэдээд асуудал тавьж, хуулийн байгууллагад хандсан иргэдийг албан тушаалтнууд, төрийн албан хаагчид, тэр ч атугай тангараг өргөсөн шүүгч нь өөрөө “нүдээ бүлтийлгэн” гайхаж, энэ асуудал та нарт ямар хамаатай юм бэ хэмээгээд, чухам хамаатай болохыг нь хуульчилж өгсөн заалтууд холбогдох хуулинд байсаар атал “өөрт нь хамаагүй зүйл рүү хошуу дүрж, цор цор гэж буй энэ нөхдийн хандыг нь дарж өгөх хэрэгтэй” гэсэн агуулга бүхий “өрөвдөлтэй” шийдвэр гаргаж байсантай биеэрээ таарч билээ.

Энэ мэтчилэнгээр бодит нөхцөл байдлыг гярхай ажиглаж, шударгуу зөв зохицуулалт хийхийг чармайсан, урьдны бусармаг зүйлсийг нөхцөлдүүлж байсан хүчин зүйлсийн үйлчлэлийг үгүй болгож, “эерэг цэнэг үүсгэсэн” заалтууд зонхилсон гэж хэлж болохоор Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү шинэ төслийг хэрэг болгон уншиж, санаа бодлоо нууж хаалгүй илэрхийлэн, эвлэлдэн зөвлөлдвөл улс хийгээд ард бидний ирээдүй, өнө хожимд үлэмж тустай болуужин хэмээн үзээд, бултаар анхаарахыг зориуд  уриалмаар санагдсан юм.

Басхүү Засаж янзалмаар, бодож тунгамаар зүйл ч нэг бус байгаа болов уу гэснээс энд ганц нэгийг дурьдвал /7.3./ БНМУ-д төр засгийн байгууллагууд албан хэргээ Монгол хэлээр явуулахаас гадна дэлхийн хамгийн түгээмэл хэл болох англи хэлээр явуулж болно гэжээ.

                Хэл бол үндэсний соёлын эх ундрага, үндэстнийг бүрдүүлж буй язгуур хүчин зүйлсийн нэг гэдгийг бүгд нэвтэрхий ойлгодог агаад төрийн хэргийг үндэсний хэлээс бусад хэлээр хөтлөх, явуулах нь үндэстэн өөрийгөө дорд үзсэн хэрэг болохоос гадна өөрийн хэл, соёлыг уусган мөхөөх эх үүтгэл болно гэх санааг эрдэмтэн мэргэд сануулсаар байдаг. “Хэл, хил, мал гурав”-ын тухай нэрт яруу найрагч Зундуйн Дорж гуайн алдарт шүлгээс гадна эртний Монголын Хитан гүрнийг үндэслэгч Елюй Абаужи хааны “Би Нангиад хэлээр ярьж чадамой. Гэвч миний Хитан ард түмэн байгаа цагт би хэзээ ч тэр хэлээр ярихгүй. Хитаны ард түмэн нангиадуудыг дуурайж, аажим аажмаар энэ нь нэмэгдэх болуузай гэхээс би айна”  хэмээсэн зарлигаас өгсүүлээд энэ тухай түүхэн сануулга ч олон бийг бодолцох ёстой болов уу !

Мөн /11.3/ “БНМУ-ын төр засаг улс төрийн олон нам бүхий тогтолцоог дэмжин хамгаалах үүрэгтэй бөгөөд улс төрийн намыг санхүүжүүлж болно” гэсэн байхад иргэний нийгэм, төрийн бус байгууллагын тухайд /11.4./ ” ….иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо, сайн дурын байгууллага, сан зэрэг төрийн бус байгууллага байгуулах эрх чөлөөг хангана”  гэх төдийгөөр хязгаарлажээ. Үнэхээр л төр засгийн бүх эрх нь ард түмний мэдэлд байдаг иргэний төр бүхий улс байх аваас иргэдийнхээ үүсгэл санаачлагаар, улс, нийгэмд үйлчилэх зорилготойгоор байгуулж буй байгууллага, эвслийг улс төрийн намаас ялгаварлан дорд үзэхгүйгээр, хамгаалах бол адилхан хамгаалж, санхүүжүүлэх бол адилхан санхүүжүүлэх, эс бөгөөс адилхан санхүүжих эрхгүй байхаар зохицуулалт хийх нь зөв гэж үзнэ. Тэгээд ч улсыг бүрдүүлж буй  эс ширхэг нь улс төрийн нам бус, оюун ухаант бодгаль буюу ард түмэн гэдгийг бодолцох хэрэгтэй бизээ. Түүнчлэн хууль санаачлах эрх зөвхөн Улсын Бага Хуралдай болон Их Хуралдайн гишүүдэд олгогдоно гэсэн нь учир дутагдалтай санагдав. Энэ тухайд ганцхан жишээг авч үзэхэд одоогийн үндсэн хуулиар уг эрх нь зөвхөн Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдэд олгогдсон ба салбарын мэргэжлийн болон мэргэшсэн байгууллага ийм эрхгүй байгаагаас болж улсын бүхэл бүтэн салбар тухайлбал хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн зохицуулалт үндсэндээ хаягдаж,  “нийгмийн золиос” болж үлдсэнийг учир мэдэх хүмүүс тодорхой харж байгаа байх. Улсын Ерөнхийлөгчийг мөн л урьдын адил зөвхөн улс төрийн намуудаас нэр дэвшүүлнэ гэсэн нь дээр дурьдсанчилан иргэдийн нийтлэг оролцоог хязгаарлаж буй хэрэг. Энэ мэтийг товчлоод эцэст нь  уг хуулийн төслийн нэгдүгээр бүлгийн 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.7-д байгаа төрийн бэлгэдэл буюу төрийн сүлд, туг, далбаа, тамга дуулалтай холбоотой нэгэн санааг цухалзуулбаас өдгөөгийн Монгол улсын үндсэн хуулиар хуульчилагдаж, дээдлэгдэн хэрэглэгдэж буй дээрх төрийн бэлгэдлийн зүйлс дэх бэлгэ тэмдэг нь олон зууны өмнөөс ил, далдуур дайсагнан хандаж, ирсэн харийн улсуудын далд бодлогын нөлөө сүүдэр шингэсэн, дээдсээс улбаат язгуур сэтгэлгээс  ихээхэн хөндийрч, гажсан зүйл болох тухайд хэд, хэдэн тулхтай түүхч, судлаачид, тодорхой үндэслэлтэйгээр гарган тавьж, сануулсан боловч, төдийлөн анзаарч мэдрэхгүй хэвээр байсаар байгаа юм. Энэ асуудлыг хөндөн тавьсан нийтлэл манай сонинд нэг бус удаа гарч, уншигчдын мэлмийд туссан ч уншиж, судалж, ухаж бодсон эсэхийг яахин мэдэх.

Ямар ч атухай улсын үндсэн хуулийн тухай яригдаж буй ийм үед үгүүлэн буй сэдэв заавал сөхөгдөх ёстой болов уу гэсэн санаанаас ийнхүү сануулсан хэрэг билээ. Энд нэг зүйлийг онцгойлон дурьдахыг хүссэн маань эрх баригч эсвэл урьд нь эрх барьж байсан улс төрийн намуудын хувьд хууль эрх зүйн зохицуулалтыг гол төлөв өөрсдийн намын эрх ашиг, сонирхолд нийцүүлж хийхийг хичээдэг явдал бүүр дархлаа болчихсон нь тодорхой харагддаг. Харин МАХ намынхны боловсруулсан энэ төсөлд эрх  мэдэлтнүүд хэзээ ч зориг гаргаж, өөрчлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй боловуу гэхээр, ард түмний хүсэн хүлээж буй чухал өөрчлөлтүүдийг дэвшүүлсэн нь нэн олзуурхууштай байгаа юм. Хэрвээ уг хуулийн төсөл ард нийтээр дэмжигдэж, хэлэлцэгдэх аваас нэг бус нэмэлт санаануудыг оруулахаар санагдсаныг дашрамд дурьдаад  энэхүү бичвэрээ уншигч танаа толилуулъя.

Хиргис Г.Төрмөнх

2017.04.12

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …