О.Магнай :Эрх баригчид худлаа ярьж байна

УИХ дахь АН-ын Бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар хэвлэлийн бага хурал хийж,   Өнгөрсөн долоо хоногт батлагдсан төсвийн тодотгол,  Зэвсэгт хүчний 350 дугаар ангид гарсан ослын талаар байр сууриа илэрхийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга:О.Магнай:Тавантолгойн цэргийн ангид  сургуулилт хийж байсан хоёр цэргийн алба хаагч  амь насаа алдсан улс төрийн   ёс зүйн хувьд   хариуцаж байгаа салбарын яам болон сайдыг огцрох ёстой гэсэн зарчмын  байр суурийг Ардчилсан нам  тавьж байгаа. Монгол Ардын нам өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотгол баталсан нь  ард түмэнд  худлаа ярьж ,  улс төрийн оноо авч  сонгогдсон гэдгээ баталлаа. Эрх баригчид эдийн засаг хүнд байгаа энэ үед  өөрсдийнхөө бүсээ чангалж эдийн засгийн хямралаас гарах арга замыг сонгохоосоо  илүүтэйгээр иргэдийн бүсийг чангалж   ард түмэнд ачаа үүрүүлж байна гэж Ардчилсан нам албан ёсоор үзэж байна.

УИХ дахь АН-ын Бүлгийн дэд дарга Ж.Батзандан:Өнгөрсөн долоо хоногт эрх баригч нам  долоон төрлийн татвар нэмлээ. Төсвийн тодотголыг Засгийн газрын оруулж ирсэн хэлбэрээр баталж гаргалаа. Сөрөг хүчний зүгээс долоон төрлийн татварыг нэмэхийг эсэргүүцэж зарчмын зөрүүтэй саналыг гаргасан байгаа. Тухайлбал цахилгаан машин буюу приусын  татварыг нэмнэ гэсэн заалт орж ирсэн. Үүнийг бид нар эсэргүүцэж цахилгаан хөдөлгүүртэй машины татварыг  нэмэгдүүлэхгүй гэсэн  санал гаргасан боловч Эрх баригч нам цахилгаан  хөдөлгүүртэй машины татварыг нэмэхээр шийдвэр гаргасан. Үүнээс болж зах зээл дээр   машины үнэ нэмэгдэж байна. Онцгой татваруудыг  нэмснээрээ бараа таваарын үнэ нэмэгдэж эхэллээ. Ардчилсан намаас тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нэмэгдүүлэхгүй гэсэн санал гаргасан боловч эрх баригч намын зүгээс нэмнэ гэсэн шийдвэр гаргасан.

Эрх баригчид төсвийн тодотголыг батлахдаа иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонссонгүй. Эрх баригчид дүлий дүмбэ оргож байгаад  хүч түрж бярдаж төсвийн тодотголыг баталлаа.

Батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа доголдсоноос болж батлан хамгаалахын  салбарт ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна. Өнгөрсөн долоо хоногт юу болсныг та бүхэн мэдэж байгаа.

Гэтэл саяхан Батлан хамгаалахын салбарт алба хааж байсан нэг залууг цэргийн дарга нь хууль бусаар өвлийн хүйтэнд гадаа урт хугацаагаар зогсоосноос хөл, гараа тайруулсан гэдэг мэдээлэл ирж байна. Энэ салбар юу болоод байгаа гэдэг дээр АН-ын бүлэг анхаарлаа хандуулж байгаа.

Батлан хамгаалахын Бат-Эрдэнэ гэдэг сайд байгаа. Бөхийг сайд болгосон. Бөхийг сайд болгосноос Монголын  олон залуучууд эрүүл мэндээрээ хохирч байна. Батлан хамгаалах салбарт мэргэжлийн удирдлага дутаж байна гэж АН-ын бүлэг үзэж байна. Энэ ч үүднээс  Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдад бүлгийн зүгээс Батлан хамгаалахын салбарт хариуцлага, сахилга батын чиглэлийг өгч байгаа төдийгүй, хариуцлага тооцож ажиллахыг АН-ын бүлгээс шаардаж байгаагаа үүгээр илэрхийлье  гэлээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …