
МАХН-ын төлөөлөгчид Хойд Солонгост зочилсон тухай тус улсын төрийн төв мэдээллийн “КСНА” агентлаг мэдээллээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян тэргүүтэй төлөөлөгчид Хойд Солонгос Улсыг үндэслэгч Ким Ир Сений төрсөн өдөр /4 сарын 15/ болдог Ариун ёслолд оролцохоор тус улсад зочилжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өвөөгийнхөө энэхүү баярт маш их анхаарал хандуулдаг бөгөөд өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гаригт болсон энэхүү баярыг Хойд Солонгос даяар өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. Энэ үеэр Хойд Солонгосын “Мөнхийн Ерөнхийлөгч” Ким Ир Сенийг хүндэтгэж тус улсад цэргийн парад, театр, хөгжмийн тоглолтууд, үзэсгэлэн гарч, Ким Ир Сений амьдралын тухай хүмүүст танин мэдүүлсэн лекц, яруу найраг уншигджээ.

Харин энэ үеэр МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн төлөөлөгчдийг Хойд Солонгос руу илгээж тус улсын удирдлагуудад баяр хүргэсэн байна.
Тэгвэл Монголын төлөөлөгчид Солонгосын Ажилчдын нам буюу Хойд Солонгосын “Жусон Рондондан” намын удирдлагуудтай уулзсан байна.
Түүнчлэн тэднийг “Жусон Рондондан” намын Төв хорооны гишүүн Ри Сун-ён хүлээн авч уулзсан байна. Мөн Монголын төлөөлөгчид Хойд Солонгос дахь Монголын Элчин сайд С.Цоггэрэлтэй уулзжээ.
Дашрамд дурдахад, Монголын төлөөлөгчдийг очих үеэр буюу Мөнхийн удирдагч Ким Ир Сений мэндэлсний ойн өдөр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нийслэл Пхеньян хотын дөрөвний нэгийг эзэлдэг Ремён дүүрэгт орчин үеийн орон сууцны шинэ хорооллын нээлтийн ажиллагааг хийсэн байна. Нээлтийн арга хэмжээнд Ким Чен Ун тэргүүтэй Хойд Солонгосын өндөр дээд албаны хүмүүс оролцсон бөгөөд тус арга хэмжээнд Монголын төлөөлөгчид оролцсон байна.






Төгс

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл