Монголын тусгай хамгаалалттай газар нутагт хяналт шалгалтын Смарт программ хэрэгжиж эхэлсний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр үйл ажиллагааг нээн хэлэхдээ “Монгол орны унаган байгаль, онгон зэрлэг амьтдыг хамгаалахад чин сэтгэлээсээ ажилладаг та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, түүний менежментийг сайжруулахад чиглэсэн оновчтой бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж, унаган төрх байдлаа хадгалсан байгаль соёлын өвийг ирээдүй хойч үедээ үлдээх эрхэм зорилгыг үндсэн чиглэлээ болгон ажиллаж байна. Үүний нэг хэлбэр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежмент, хууль эрх зүйн хэрэгжилтийг сайжруулах явдал юм. Энэ ажилд манай яам олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна. Энэ програмыг ашигласнаар ТХГН-т Хуулийн хэрэгжилтийг хангах ажил жигдэрч, үр дүнтэй байгаль хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлж аливаа байгаль орчны эсрэг зөрчил, гэмт хэрэг таслан зогсоох юм” хэмээлээ.
Смарт программ нь Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгаалагч хяналт шалгалтыг тодорхой орон зайд хийх, мэдээ цуглуулж програмд оруулж, нэгтгэж дүн шинжилгээ хийх, дараагийн хяналт шалгалтын зорилтыг тодорхойлох, эргэн түүнийгээ тайлагнах цогц арга юм.
2016 оны есдүгээр сараас Говийн бага Дархан цаазат газрын нийт 6 байгаль хамгаалагчид, нэг мэргэжилтэн 103 удаагийн хяналт шалгалт хийж, нийт 185 өдрийг зарцуулж, 24000 гаруй км замыг туулан 78 эргүүл, хяналтын хуудас хөтөлж, тэмдэглэл хийсэн байна. Эдгээр бүх мэдээг СМАРТ програмын мэдээллийн санд оруулахад, нийтдээ 1099 мэдээ цугларсан байна. Энэхүү программ нь уян хатан, мэргэжилтэн, байгаль хамгаалагчийн ур чадвар, мэдлэг, үр дүнтэй арга хэмжээнд тулгуурлан тухайн газар нутагт үр дүнтэй хамгааллын үйл ажиллагааг бүрдүүлдэгээрээ чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байлаа.