Өнгөрсөн долоо хоногт улстөрийн хүрээний үйл явдал ганцхан цэгийг тойрон эргэлдсэн гэхэд болно. Төсвийн тодотголыг шөнө дөлөөр баталснаас эхэлж өрнөсөн эрх баригчдын маргаан намын бүлгийн хурлаасаа халих хүртлээ хурцдав.
Намынхаа шийдвэрийг шүүмжилж, caper дуугарсан цөөн гишүүдийн хэлж буйгаар Засгийн газрын зарим сайд нарын нэртэй холбоотой олон тэрбум төгрөгийн концессын гэрээний асуудал 76-гийн дунд багагүй маргаан дэгдээсэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл буюу МАН-ын бүлгийн гишүүдийн хурлын протокол зарим хэвлэлүүдээр ч цацагдав.
Тухайлбал, төсвийн тодот-голоос гадуур хэмээн яригдаж буй концессын долоон төрлийн гэрээ яригдах үед Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга нарын маргаан дээд цэгтээ хүрч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдад хандаж “…Эрдэнэбат аа, чи аятайхан байгаарай. МАК компанид яахаараа Концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани Концессын гэрээ авсан.
Түүнийгээ хийж дуусгаагүй байхад яахаараа өгдөг юм. Бас “Цагаан суварга” ингэж л боссон. Яачихсан компани гэхээрээ ийм байдаг юм бэ. Эрдэнэбат аа, би та нартай холбоотой олон юмыг мэднэ. Ерөөсөө энэ Концессыг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” гэв.
Хариуд нь Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат “… Үгээ бодож яриарай. “Цагаан суварга” руу эрчим хүч татахгүй яах юм бэ. Засгийн газрын ажлыг хийлгэ л дээ” гэснээр энэ хоёр эрхмийн дунд хэрүүл өрнөж, сүүлдээ зодолдохоос бусдыг гүйцээсэн болон бусад гишүүдийн хурц шүүмжлэл дагуулсан протокол байв.
Түүнчлэн Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл, Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын төсөл, Дархан, Эрдэнэтийн авто замаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийн боловсруулах, барих, шилжүүлэх концесс, Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил багтжээ.
Ийнхүү долоо хоногийн эхнээс өрнөсөн концессын гэрээтэй холбоотой маргаан долоо хоногийн сүүлч гэхэд нэг тийш болоогүй байв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарын тайлбараар үргэлжилсэн юм. Тэрбээр “Монгол Улс хөгжих ёсгүй гэж үзэж байгаа бол миний ашиг сонирхлын зөрчлийг ярьж болно” хэмээж буй.
Нөгөө талаас сөрөг хүчин АН эрх баригчдын энэ маргаан мэтгэлцээн дунд чимээ гаргасангүй. Уг нь үүнийг ашиглан тоглолт хийх болов уу гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан гэхэд болно. Гэвч төдийлөн чармайлт гаргахгүй “Концесстой холбоотой албан ёсны мэдээлэл манай намын бүлэгт ирээгүй.
Төсвийн байнгын хорооны гишүүдийн ярьж буйгаар 700-800 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээний асуудал яригдсан” гэснээс өөр зүйлийг АН-ын бүлгээс өгсөнгүй. Нэг үгээр хэлэхэд, зарим үед хамаг чадлаараа сөрөөд ч үр дүнд хүрдэггүй АН-ын даргаас эхлээд парламентад суудалтай гишүүд нь хүртэл эрх баригчдын талцал, хэрүүл маргааны хажуугаар дуугүй өнгөрсөн гэж хэлж болохоор.
Мөн өнгөрсөн долоо хоногт Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төсөл Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр багагүй шүүмжлэл дагуулав. Хөрөнгө оруулалтын банк байгуулахыг дүрээ хувиргасан Хөгжлийн банк, хөрөнгө оруулалт нэрээр Bank of China оруулж ирэх гэж байна гэх гишүүн ч цөөнгүй байсан юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх хуваарьтай байсан ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар энэ долоо хоног хүртэл хойшилсон юм.
Харин лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томоохон асуудал шийдвэрлэсэн нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2.1 тэрбумыг баталж, төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг 18 хувь болгож бууруулах, шимтгэлийг тэглэхээр болов.