ДОДОМА. /BBC/. Боловсролын бичиг баримтын шалгалтыг улс орон даяар явуулан, сургууль, коллежийн хуурамч гэрчилгээтэй хүмүүсийг илрүүлснийхээ дараа Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули 9900 гаруй төрийн албан хаагчдыг ажлаас нь шууд халсан байна.
2015 оны 10 дугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон Магуфули хээл хахуультай тэмцэх ажиллагааныхаа хүрээнд засгийн газрын хээл хахуультай тэмцэх албаны дарга, татварын газрын дарга, төмөр замын удирдах албан тушаалтан болон боомтын газрын дарга нар зэрэг хэд хэдэн удирдах дээд албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ.
Танзанид хөрөнгө оруулалт хийхэд хээл хахууль, засгийн газрын түшмэдийн чадваргүй байдал ихээхэн саад тотгор болдог талаар бизнесийн байгууллагууд байнга гомдол гаргадаг аж. Өнгөрсөн оны 3 дугаар сард явуулсан өөр нэг цэвэрлэгээний кампанит ажлын явцад Зүүн Африкийн энэ улсын төрийн албанд 19 700 гаруй “хуурамч ажиллагсад” байгааг илрүүлсэн нь хуурамч диплом, зэрэг цолтой хүмүүст хүнд цохилт боллоо.
Ерөнхийлөгч Магуфули хэлэхдээ “Бид шинэ ажлын байр бий болгох гэж чармайн ажилласаар ирсэн, гэтэл төрийн байгууллагуудад хуурамч зэрэг цолтой хүмүүс байсаар байна. Засгийн газар жил бүр 238 тэрбум шиллингийг /107 сая доллар/ “хуурамч дипломтнууд”-аас болж алдаж байна” гэжээ.
Танзани улсын төсвөөс сар бүр 260 сая гаруй ам.доллар төрийн байгууллагын ажилтнуудад цалин болгон өгдөг байна. Үндэсний хэмжээнд төрийн байгууллагад ажиллагсдын тоо 550 мянга гаруйд хүрснээр цалин хөлсөнд зарцуулах мөнгөний хэмжээ хэт их болсон гэж засгийн газар үзэж байгаа аж.
Боловсролын хуурамч дипломтой бүх төрийн албан хаагчдын жагсаалтыг гаргаж, олон нийтэд ил болгон, тэдний нүүрийг нь улайлгахыг Магуфули үүрэг болгосон байна.
Хяналт шалгалтаар 1500 гаруй төрийн албан хаагчдын боловсролын бичиг баримт бүртгэлийг өөр бусад олон хүмүүс ашиглаж байсны бол 11 500 гаруй ажилтан сургуулиа дүүргээгүй байсан нь тогтоогджээ.
Х.Сарнай
Эх сурвалж : Монцамэ агентлаг