Хятадын Коммунист намын Сахилга батын төв хороо гадаад руу зугтсаныхаа дараа эх орондоо сайн дураар буцан ирж буруугаа хүлээн зөвшөөрсөн зарим авлигачдыг өршөөж буйгаа мэдэгдэв. Хорооны дүгнэлтэд багтсан статистик мэдээнээс үзвэл, авлигын хэрэгт холбогдож гадаадад, тэр тусмаа Америк, Канад, Австрали руу зугтан гарч эрэн сурвалжлагдаж буй 100 гаруй авлигачдын 40 нь Хятадад буцаж иржээ. Тэдний ихэнх нь сайн дураараа буцаж ирсэн бол, нэг хэсэг нь тухайн улсын хууль хяналтынханд баригдаж хүчээр хүргэгдэж ирсэн байна. Хүргэгдэж ирсэн авлигачдыг шүүхээр оруулж заримд нь бүх насаар нь хорих ял оноожээ. Сайн дураараа буцан ирж гэмшиж буйгаа илэрхийлсэн гурван иргэнд ял шийтгэл оноолгүй сулласан аж. Тэдний нэг нь Жан Давэй. Тэрээр сайн дураараа эх орондоо ирж, үйлдсэн гэмт хэрэгтээ харамсч буйгаа мэдэгдээд хууль бусаар олж авсан бүх хөрөнгө, мөнгөө төрд буцааж өгчээ. Чжу Жэнью, Чан Липин нар мөн ийнхүү өршөөгдөн суллагджээ.
Си Зиньпин 2013 оны гуравдугаар сард Хятад улсын даргаар сонгогдсоны дараа авлигатай хайр найргүй тэмцэнэ гэдгээ зарласан билээ. Тэрээр авлига, хээл хахуультай тэмцэж, “барс”, “ялаа”-ны алинд нь ч ялгалгүй цохилт өгөх ёстой хэмээн уриалсан юм. Тэр цагаас хойш өндөр тушаалын хэдэн арван улстөрч авлигын хэргээр шийтгүүлжээ. Тэдний нэг нь Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жоу Юнкан. Тэрээр 2016 оны зургадугаар сард авлигын хэргээр насаараа шоронд хоригдох ял сонсчээ. Өмнөх Засгийн газрын үед ийм түвшний дарга, түшмэд халдашгүй дархан эрхтэй, мөрдлөг, шалгалтад өртдөггүй байсан юм. Гадаад руу зугтан гарсан авлигачдын эсрэг өнгөрсөн жилээс эхлэн “Үнэгний ав” хэмээх ажиллагааг эхлүүлжээ. Бээжингийн эрх баригчид хамгийн ихээр эрэн сурвалжилж буй 100 авлигач түшмэлийн жагсаалтыг гаргаж нуугдаж, бүгж буй улсаас нь шилжүүлэн авах оролдлого хийж байна. Сайн дураараа эргэн ирж, буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо буцаан төлвөл өршөөх бодлого баримталж байгаа аж.
Н.Мөнхжин