Буриадын нэгэн оршин суугч Монгол дахь өөрийн эцгээ хайж байна. ОХУ-ын Буриад Улсын иргэн Андрей Санжимитупов хэмээх энэ залуу Монгол Улс дахь түүний эцгийг олоход туслахыг Буриадын “ARD” сайт болон түүний уншигчдаас хүсчээ. Буриадын “ARD” сайт нь Монголоос нэлээд өндөр хандалттай сайт бөгөөд өмнө нь иймэрхүү байдлаар нэлээд олон хүн төрсөн эцэг болон найз нөхөд, тусалж дэмжиж байсан хүмүүсээ олж байсан юм.
Андрейгийн хэлснээр, түүний эцэг бүжигчин юм уу урлагийн хүн гэнэ.
Тэрбээр өөрийн захиандаа “Хүндэт найзуудаа, надад нэг том хүсэлт байна. Миний аавыг олоход туслаач хэмээн эхлүүлсэн бөгөөд хүн бүр үндэс угсаагаа мэдэх нь чухал. Би аль хэдийнэ нас биенд хүрсэн. Гэсэн ч эцгийгээ олох юмсан гэсэн хүсэл байдаг. Миний аавыг таньдаг мэддэг хүн байгаа гэдэгт итгэж байна. Миний аав бол Монгол” хэмээжээ. Андрейгийн аав Монгол Улсын иргэн бөгөөд 1987-1992 онд Улаан-Үд дэх Соёл Урлагийн Зүүн Сибирийн Академийн Жүжгийн сургуульд сурчээ.
1989 он буюу гурав дахь жилээ Андрейгийн аав түүний ээж Санжимитупова Евгениятэй уулздаг байсан байна. Тэр үед Андрейгийн ээж Улаан-Үд дэх Чайковскийн нэрэмжит Урлагийн коллежийн төгсөх ангийн оюутан байжээ. Ингээд тэд 1989 онд Андрей хэмээх хүүтэй болсон байна. Харин ямар шалтгааны улмаас мэдэхгүй Андрейгийн ээж хүүгээ аван төрөлх Чита мужийн Токчин тосгон дахь өөрийн эцэг эх дээрээ очсон аж. Тэгэхэд Андрейгийн аав ээжийг нь дагалдан галт тэрэгний буудал дээр ирсэн бөгөөд өөрийнх нь нэрийг хүүд минь өгөөрэй гэж маш ихээр гуйж байсан гэнэ. Ингээд эцэг хүүгийн холбоо тасарсан бөгөөд Андрей өөрийн эцгээ хэзээ ч харж байгаагүйн дээр эцэгтэйгээ уулзах маш их хүсэлтэй. Андрей одоо ОХУ-ын Онцгой байдлын яаманд аврагчаар ажилладаг ба Улаан-Үд хотод амьдардаг байна. Тэр гэрлэж, нэг охинтой болсон аж.
Төгс