Монголчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгоход ердөө ганцхан сарын хугацаа үлдээд байна. Иймээс ч нийгэмд Ерөнхийлөгч гэж ямар хүн байх ёстой, ямар шаардлага шалгуурыг хангаж байж төр тэргүүлэх хэмжээнд хүрэх тухай яриа эрчээ авчээ. Өмнөх сонгуулиудаар гарч байгаагүй энэ яриа 2017 онд сэдэв болтлоо дэлгэрч байгаа нь нэр дэвшигч нартай шууд холбоотой. УИХ-д суудал бүхий Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй гурван намаас хоёр нь дээд боловсролгүй хүнийг Төрийн тэргүүнд сойгоод байгаа билээ. АН-ын нэр дэвшигч Х.Баттулга наймдугаар ангийн боловсролтой, МАХН-ын С.Ганбаатар болохоор гурван ч их сургуульд элсэн орсон боловч ганцыг нь ч төгсөлгүй хаясан гэдэг. Иймээс л Ерөнхийлөгч боловсролтой байх нь чухал уу, боловсролгүй байх нь бүр чухал уу гэх асуултыг тавиад байгаа юм.
Боловсрол үнэхээр хэрэггүй юу?
Ерөнхийлөгч байтугай ердийн гэр бүлд ч сайн боловсрол хамгийн чухал сэдэв байсаар ирсэн. Үр хүүхдээ сайн сургуульд оруулж, сайн боловсрол эзэмшүүлэхийг хүсдэггүй хүн нэг ч байхгүй байх. Магадгүй энэ нь хүн амд эзлэх дээд боловсролтой иргэдийн тоог нэлээд өсгөсөн байх талтай. 2016-2017 оны хичээлийн жилд 95 их, дээд сургуульд 157138 оюутан суралцаж байна. Магадгүй энэ нь зарим талаар диплом үнэгүйдсэн гэх үзэл бодол давамгайлах хөрс суурь болдог биз. Дэлгүүрийн худалдагч, үйлчлэгч ажилд авахдаа хүртэл компаниуд диплом хардаг, шаарддаг болсон гэх нь ч бий. Гэвч энэ бол сайны дохио бөгөөд боловсрол эзэмшсэний төлөө, түүний үнэ цэнийг ойлгож, мэдэрсэн хэн нэгнийг муу хэлэх нь зохимжгүй юм. Жишээ нь, АНУ-д гэхэд л иргэдийн 60 хувь нь бакалаврын боловсролгүй гэсэн судалгаа бий.
Гэхдээ коллежийн боловсрол хүний амьдралд хэр чухал вэ гэсэн асуулга явуулахад маш чухал гэж хариулах хүний тоо тасралтгүй өссөөр байна. Нэг талаас аж үйлдвэржилтийн эрин улирч, хөдөлмөрийн салбарын дийлэнхийг оюуны хөдөлмөр эзэлж байна. Тийм ч учраас боловсролын төвшин ач холбогдолтой болж үүнийг дагаад цалин мөнгө, бүтээмж нэмэгддэг нийгэм бий болж байна. Тухайлбал, үүний хамгийн том илрэл нь аутсорсинг хэлбэрийн ажил юм. Орон зай, цаг хугацаа хамааралгүйгээр хүмүүс оюуны хөдөлмөр эрхэлж, цоо шинэ ажлын орчин, нөхцөлийг бий болголоо. Тэгэхээр дэлгүүрийн худалдагч болно гээд боловсрол эзэмшихээс хойш сууж боломгүй. Аяндаа нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хэрэгцээ, шаардлага нь бий болж ажиллах хүчний шинэ орон зай бий болно гэдэг тооцож үзэх хэрэгтэй.
Тэгвэл Ерөнхийлөгчид боловсрол хэрэгтэй юу?
Улсын Ерөнхийлөгч байтугай жирийн дэлгүүрт худалдагч хийхэд тавигддаг эхний шаардлага нь дээд боловсрол болсон гэхэд хилсдэхгүй болжээ. Яагаад гэвэл бичиг, үсэг тайлагдсан байдлаараа дэлхийд тэргүүлдэг манай улсын хувьд боловсрол нэн тэргүүнд тавигдах асуудал мөнөөсөө мөн. Хүн бүр дээд боловсролтой, докторын зэрэг хамгаалах албагүй ч, энэ удаад бид Монгол төрийн тэргүүний тухайд авч үзэж байгааг онцгойлон анхаарах ёстой юм. Аливаа улсын Ерөнхийлөгч эх орноо төлөөлдөг, улс орныхоо нэрийн хуудас болдог хийгээд бэлгэ тэмдэг төдий гэж олны чамладаг шиг бус эх орондоо онцгой нөлөөтэй алба. Ялангуяа орчин цагийн даяашрсан энэ нийгэмд хүн бүр мэдлэг, мэдээлэлд суурилсан харилцаа үүсгэх, хэлэлцэх боломж, нөхцөл нээлттэй бий болсон. Энэ үед бид хэнээс ч зовж, эмээлгүй байр сууриа итгэлтэй илэрхийлэх, бат зогсох чадвартай Төрийн тэргүүнтэй байх нь юу юунаас чухал. Нөхцөл байдал ийм Ерөнхийлөгчийг шаардаж байна. Харамсалтай нь цаг үеийн энэ шаардлагыг сөрж байгаа юм шиг АН, МАХН-ынхан боловсрол нимгэн хүмүүсийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь харамсмаар сонголт санагдана.
Бодлого тодорхойлогч боловсолтой байх ёстой
Ерөнхийлөгч бол улсын бодлого тодорхойлоход онцгой хувь нэмэртэй оролцох ёстой хүн. Харин бодлого тодорхойлогч хүнд тавигдах эхний бөгөөд гол шалгуур нь боловсрол юм. Тиймээс ч Төрийн тэргүүн байтугай төрийн жирийн албан хаагчаас шалгалт авч, боловсролыг харгалздаг. Яагаад гэвэл боловсролтой хүмүүс л зөв бодлого тодорхойлдог юм.
Дэлхийн олон орны жишээнээс энэ тухай эш татаж болно. Африкийн голдуу иргэний дайн, эдийн засгийн хямрал, ядуурал, өвчин эмгэг газар авчихсан улсуудыг харахад ихэвчлэн боловсролгүй удирдагчид залж, жолоодож байх нь бий. Харин боловсролтой хүнээр удирдуулсан улс орнууд хөгжиж байгаа тухай бишгүй олон жишээ байдаг. Загасчны жижигхэн тосгон гэж дэлхий нийт харж байсан Сингапур өнөөдөр эдийн засгийн том төв, хөгжлийн загвар орон болтлоо хөгжсөн нь Ли Куан Ю гэх өндөр боловсролтой удирдагчтай нь холбоотой. Өөрөө боловсролтой, бас боловсролтой хүмүүсээр төрийн ажлыг нугалуулж байсан энэ эрхэм Сингапурын хөгжлийн эцэг гэгдэж дэлхийд гайхагдаж байна. Сингапурыг буурай орноос дэлхийн хөгжингүй улсын нэг, олон улсын бизнесийн төв болгон өөрчилж чадсан аугаа стратегич гэгддэг Ли Куан Ю-гийн хүү Ли Хсиен Лүүн ч тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа билээ. Түүний тухай нэгэн бодит түүхийг энэхүү бичвэрийнхээ төгсгөлд уншигч Тантай хуваалцъя.
Сингапурын нэгэн таксины жолоочоос гадаадын сурвалжлагч “Та нар яагаад түүний хүүд итгэж улсынхаа хувь заяаг атгуулсан юм бэ” гэж асуухад “Сая сая хүнийг хүмүүжүүлсэн тэр суут хүн ганцхан хүүгээ боловсролтой, мэдлэгтэй болгон хүмүүжүүлсэн л байж таараа шүү дээ” гэж итгэлтэй хариулсан гэдэг юм билээ.
Өглөөний сонин